Н.Жавхлан
03 сарын 22, 2026
Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслол болох Academy Awards-ийн наадамд нэгэн шинэ түүх бичигджээ. Тодруулбал, Филиппин гаралтай зураглаач Autumn Durald Arkapaw өөрийн ажилласан Sinners киногоороо Шилдэг зураглаачийн шагналыг хүртсэн. Ингэснээр Оскарын түүхэнд энэ төрөлд ялалт байгуулсан анхны эмэгтэй төдийгүй анхны өнгөт арьст уран бүтээлч болж байгаагаараа онцлог юм байна.
Өдгөө 47 настай зураглаач Autumn Durald Arkapaw нь өмнө нь инди болон артхаус кинонуудад ажиллаж, өвөрмөц дүрслэлийн хэллэгээрээ танигдсан уран бүтээлч.
Америкийн кино зураглаачдын холбооны гишүүнээр сонгогдсон цөөн эмэгтэй зураглаачдын нэг. Тэр ч утгаараа олон жилийн турш кино урлагийн салбар, тэр дундаа зураглаач нарын дунд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар идэвхтэй дуугарч ирсэн юм.
Шагналаа гардан авах үеэр тэрбээр “Энд зогсож байгаа минь үнэхээр нэр төрийн хэрэг. Энэ танхимд байгаа бүх эмэгтэйчүүдийг босохыг хүсэж байна. Та бүхний дэмжлэг, итгэлгүйгээр би энэ амжилтад хүрэх боломжгүй байлаа” хэмээн онцолсон нь ёслолын хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг болсон байна.
Кино судлаачдын үзэж байгаагаар түүний энэ ялалт нь хувь уран бүтээлчийн амжилт биш. Кино урлагийн салбарт эрэгтэйчүүд давамгайлсан хэвшмэл байдлыг эвдэж, шинэ үеийн уран бүтээлчид, тэр дундаа эмэгтэй зураглаачдад урам зориг өгсөн түүхэн үйл явдал болж байна гэж дүгнэжээ.
Сонирхуулахад "Sinners" кино нь дүрслэлийн шийдэл, камерын динамик хөдөлгөөн, гэрэл сүүдрийн нарийн зохиомж, өнгөний ялгарал зэрэг техникийн нарийн ажиллагаагаараа шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Уг бүтээл Оскарын ёслолд нийт 16 номинацид нэр дэвшсэнээр энэ жилийн хамгийн олон төрөлд нэр дэвшсэн кинонуудын нэг болж, олон нийтийн анхаарлыг татсан юм.
Autumn Durald Arkapaw найруулагч Ryan Coogler-тэй хамтарсан хоёр дахь бүтээл дээрээ энэхүү амжилтыг хүртэж байна. Тэд өмнө нь "Black Panther: Wakanda Forever" кинонд хамтран ажиллаж байжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.