Хэрэв та үүлэн дээрээс цагт хэдэн зуун километрийн хурдтай чөлөөт уналт хийх болж, хүчилтөрөгчийн маск нүүрний тань өмнө бууж ирвэл яах вэ? Энэ тохиолдолд үхэх магадлал ердөө л 11 саяд нэг юм. Тиймээс сандарч л болдоггүй юм шүү. Учир нь онгоцны ослоос амьд үлдэх магадлал харьцангуй өндөр байдаг гэнэ. Харин онгоцны осол болбол хэрхэн амьд үлдэх талаар хэдэн аргыг мэдэж байх хэрэгтэй. Тэгвэл бид таны мэдлэгт зориулж онгоцны ослоос амьд гарах 6 алхамт аргыг хүргэж байна. 


Алхам 1: Хувцасаа тохируулан өмсөх

Хаа ч явахад углааш өмсөх шиг эвтэйхэн зүйл үгүй. Гэсэн ч энэ нь ослын нөхцөлд тийм ч аятайхан сонголт байхгүй болов уу. Өсгийтэй гутал ч ялгаагүй. Онгоц осолдлоо гэхэд аминд халгүй өнгөрч болох ч газардалтын дараах дэлбэрэлтэд өртөж амиа алдах тохиолдол элбэг байдаг. Тиймээс болж өгвөл урт ханцуйтай цамц, арьсаа халхалсан өмд өмсвөл гал болоод хурц иртэй зүйлсээс хамгаалж өгнө бас юмыг яаж мэдэх вэ, гүйх хэрэг гарах ч юм билүү, сугарчихааргүй, хөлд эвтэйхэн гутал өмссөн нь дээр шүү.


Алхам 2: Хамгийн аюулгүй суудалд суух

Хамгийн аюулгүй суудал гэдэг онгоц хаагуураа гэмтэхээс хамаараад өөр өөр байх ч ихэвчлэн хойгуур суудал бичүүлэх нь илүү аюулгүй. Түүнчлэн суудал тань хойгуур байх тусам ариун цэврийн өрөөндөө ойртно шүү дээ. Тэгэхээр аятайхан биш гэж үү? Гэсэн ч та бүртгэлээ хожуу хийлгэснээс үүдээд хойгуур суудал дуусчихсан байвал битгий сандраарай. Хойгуур урдуур хаана ч суулаа гээд таны амьд үлдэх магадлалд тийм ч их нөлөөлөхгүй. Мөн хэрвээ онгоц сүүлээрээ унавал та урдуурхан шиг суудал захиалаагүй дээ харамсаж ч болно. Гэхдээ хаана суухаас үл хамааран таны санах ёстой зүйл бол ослын гарц хаана байгааг тогтоох юм. Онгоцондоо орсон даруйдаа л өөрийн суудалд хамгийн ойр ослын гарц хаана байгааг нүдлэх хэрэгтэй. 


Алхам 3: Онгоцонд суусан даруй битгий унтаарай

Онгоц хөөрснөөс хойш 3 минут, газардахаас өмнөх 8 минутын хугацаа бол бүхий л нислэгийн хамгийн эрсдэл өндөртэй, эгзэгтэй үе байдаг. Тиймээс энэ үед та гутлаа тайлж орхилгүй анхааралтай сууж, суудлын бүсээ чангалаад, илүү дутуу үйлдэл хийхгүй байвал зохино. Мөн гар ачаагаа өмнөх суудлынхаа доор хийгээд орхивол таны хөлийг суудалд даруулж хугарахаас сэргийлнэ. 


Алхам 4: Тайван бай

Онгоцны ослын эхний 90 секунд таны хувь заяаг шийддэг. Ихэнх тохиолдолд хүмүүс сандарч суудлын бүсээ суллахаа мартдаг. Тиймээс ослын үед бүхээгийн ажилчдын зааврыг анхааралтай сонсох хэрэгтэй. Гэхдээ тэднийг юм хэлэхгүй бол зүгээр суугаад байж болохгүй шүү. Онгоц осолдоход бүхээг гэнэт л хүчилтөрөгчийн дутагдалд орж эхлэнэ. Энэ үед ухаан алдахад 10 секунд л байх ба хэрэв хүчилтөрөгчийн унаж ирэх л юм бол даруй зүүгээрэй. Тэрний дараа хэн нэгэнд туслах тухай бодож болох юм.


Алхам 5: Ачаагаа орхи

Унаж буй онгоцоос аль болох хурдан гарах хэрэгтэй. Гар ачааныхаа тухайд мартаж үз. Та л лав дүрэлзэн шатах онгоцонд гацахыг хүсэхгүй байх. Тиймээс хэрвээ үнэхээр алдаж, хаяж боломгүй зүйл байвал эхнээсээ л өөрийнхөө биед, халаасандаа авч явсан нь дээр. Гэлээ гээд гартаа атгаад яваад байж болохгүй шүү.


Алхам 6: Онгоцноос холд

Онгоц нэгэнтээ газардсан л бол дэлбэрэх магадлал маш өндөр байдаг. Тиймээс та үтэр түргэн, салхины эсрэг зүгт, ослын газраас дор хаяж 150 метрийн зайд хүрэх хүртэлээ гүйх хэрэгтэй. 


Бүх цагийн үеийн нислэгийн түүхийг үзвээс эдүгээ онгоцоор явах нь үнэхээр аюулгүй болсон. Хүн тээврийн нислэгийн осол дэлхий дахинаа жил бүр 500 хүрэхгүй бүртгэгдэж байгаа бөгөөд осолд өртсөн зорчигчдын 95 хувь нь амь гарч байгаа учир та санаа зовох шаардлага тун бага билээ. Гэсэн ч тохиолдож болох эрсдэлд бэлэн байх үүднээс танд энэ нийтлэл тус болсон гэж найдаж байна.


Эх сурвалж: What if