Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр тэргүүтэй албаныхан өчигдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байгуулж буй бичил цэцэрлэг байгуулах ажлын явцыг шалгалаа. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хууль бусаар эзэмшиж буй болон эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй газруудыг чөлөөлж, олон нийтийн эзэмшилд авч бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж тохижуулах үүргийг хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт үүрэг болгосон юм. Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд 12 байршилд газар чөлөөлөлт хийж, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна.

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Дипломат 95-р байрны хойд талын байрнуудын дунд барилгын суурь ухагдаж олон жил орхигдсон 2000 метр квадрат тус талбайг чөлөөлж олон нийтийн эзэмшил болгон тохижуулж буй нь энэ юм. Өнгөрсөн оны 10 дугаар сард бичил цэцэрлэг байгуулах ажил эхэлсэн. Ирэх тавдугаар сарын 1-нд ашиглалтад ороход бэлэн хэмээн гүйцэтгэгч компанийн зүгээс мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Хотын Захирагчийн өгсөн үүргийн дагуу Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд эзэмшил газраа олон жил ашиглаагүй газрыг чөлөөлж бичил цэцэрлэг байгуулж байна. Тохижилтын явц 90 хувьтай явж байна. Урьд нь энэ хэсэгт барилгын суурь ухаад хашаа татаад орхичихсон байсан. Орчны аюулгүй байдлыг хангаагүй, хогоор дүүрсэн газрыг тохижуулж бичил цэцэрлэг байгуулж байгаад иргэд талархал илэрхийлж байгаа” гэв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр 

Цаашид бичил цэцэрлэгийг Чингэлтэй дүүргийн ТҮК бүрэн хариуцаж, арчлалт хамгаалалтын ажлыг хийх юм байна.