Монголын эмэгтэйчүүдийн холбоо "Хүчирхийллийг хүчгүйдүүлье" олон нийтийг аяныг өрнүүлж эхлээд буй юм.

Тус аяны хүрээнд "Очир" төвд амиа алдсан 13 настай охины хэргийг шуурхай шийдвэрлэхийг шаардаж жагсаал хийх талаараа Монголын эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл "Хүчирхийллийг хүчгүйдүүлье" хөдөлгөөнийг эхлүүлээд 20 гаруй хонож байна. Энэ нь нийгэмд үүсээд буй хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг урт хугацаанд, шат дараатай бууруулах зорилготой юм. Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, бүх сумдын салбар зөвлөлөөрөө дамжуулан соён гэгээрүүлэх арга хэмжээг явуулж байна.

"Очир" төвд 13 настай охин амиа алдсан хэрэг өнөөдрийг хүртэл нийгэмд дуулиантай байгаа ч хэрэг шийдэгдэлгүй нэг жил өнгөрлөө. Тиймээс энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдээсэй хэмээн хүлээж, харж байгаа монголын мянга мянган иргэн, охидын өмнөөс Монголын эмэгтэйчүүдийн холбоо уг асуудалд оролцож, хэргийг шийдтэл нь явна.

Энэ хэрэг шийдэгдэхгүй байгаа гол асуудал нь юу вэ, мөн хэдий охин амиа алдсан ч зарим цахим хуудсаар түүнийг биеэ үнэлэгч байсан мэтээр ярьж нэр төрд нь халдсан хэрэг даа дараа гарсан. Тиймээс бид дуу хоолойгоо нэгтгэж байна. Иргэдийг ч нэгдэхийг уриалж байна.

"Хүчирхийллийг хүчгүйдүүлье" олон нийтийн хөдөлгөөний хүрээнд шүүх засаглалыг хэрэгжүүлэгч Монгол Улсын шат шатны шүүхүүдээс 13 настай охины амь насыг хохироосон этгээдүүдийг ял шийтгэлээс хэлтрүүлэх, хөнгөрүүлэх нь нийгэмд дэх шударга ёсны үнэлэмжид сөрөг нөлөөтэйг зориуд анхааралдаа авч, хуулийн хүрээнд оноовол зохих хамгийн чанга хатуу шийтгэлийг оноохыг Монголын эмэгтэйчүүдийн холбооноос шаардаж байна.

Мөн бид уг хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулснаар хэргийг үнэн зөвөөр нь шийдэх болов уу гэж үзэн тус хэрэгт холбогдох этгээдүүдийг шүүх хуралдааны өдөр болох энэ сарын 21-нд тайван жагсаал хийнэ.

Тиймээс хэргийг хуулийн дагуу зөв шийдэхэд иргэд хувь нэмрээ оруулж, жагсаалд идэвхтэй оролцохыг уриалж байна" хэмээн ярилаа.