“Одон орон, сансар огторгуй сонирхогчид” группийн админ, инженер Р.Батцэнгэл, Б.Баатарсүх нартай ярилцлаа. 

- Танай "Одон орон, сансар сонирхогчид" группийн шинэ мэдээллээс ярилцлагаа эхэлье. 

О.Баатарсүх: Шинэ сонин гэвэл SpaceX компани SN9 хөлгийн туршилтын нислэгээ удахгүй хийнэ. Сонирхогчдын зүгээс энэ хөлгийн туршилтын нислэг амжилттай болоосой гэсэн хүлээлттэй байна. Үүний өмнөх SN8 хөлгийн туршилтын нислэг дэлбэрч устсан. Гэхдээ энэ нь туршилт амжилтгүй болсон гэсэн үг биш. Одоо SN9-ийг турших гээд зөвшөөрлөө хүлээж байна. Мөн SN9 хөлгийн туршилтын дараа SN10 загварыг туршихад бэлэн гэдгээ зарласан. STARSHIP хөлөг амжилттай болбол гараг хооронд хамгийн олон хүн тээвэрлэх хүчин чадалтай хамгийн хүчирхэг хөлөг болно гэсэн хүлээлт байна. Элон Маскийн SpaceX бол олон дахин ашиглах зөөгч пуужингийн чиглэлээр хамгийн амжилттай яваа хувийн компани юм.

Р.Батцэнгэл: Анх сансар судлалын чиглэлээр мэргэжил эзэмшсэн Батмагнай курс, дипломын ажил хийхдээ судалж мэдсэн зүйлүүдээ ангийнхаа найз нөхөдтэй хуваалцах зорилгоор анх энэ группийг нээж байсан. Аливаа мэдээлэл зураг бичлэгийг хард, флаш, дискээр хуулж зөөхгүйгээр фэйсбүүк дээр хадгалчихвал хэн ч үзэж сонирхох боломжтой гэдэг утгаар нь нээн ажиллуулсан. Миний хувьд 300 гишүүнтэй байхад нь элсэж байлаа. Өнгөрсөн найман жилийн хугацаанд бид 43 мянган гишүүнийг эгнээндээ нэгтгэжээ.

- Хувийн хэвшил сансар судлалын салбарыг сонирхон хөрөнгө оруулж, хүч тавих болсон шалтгааныг тодруулмаар байна. Ялангуяа хиймэл дагуул, пуужингийн тухайд? 

О.Баатарсүх: Хүн төрөлхтөнд орчлон ертөнц, амьдралын гарал үүсэл, одот ертөнц, амьдралын өөр хэлбэрүүд, бусад гараг эрхсийг судлах, тэнд амьдарч болох эсэхийг судлах хүсэл тэмүүлэл байна. Хоёрдугаарт, сансар судлал нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой салбар юм. 

Р. Батцэнгэл: Юуны өмнө пуужин, хиймэл дагуул гэдэг хоёр зүйлийг ялгаж ойлгох нь чухал. 

Пуужин бол дэлхийн татах хүчийг давж ачааг сансрын тойрог замд оруулах үүрэгтэй тээврийн хэрэгсэл. Пуужин гэдэг үг хятад гаралтай үг. Монголоор цойлуур гэж ярьж хэвшиж байна.   

Харин сансрын тойрогт гарсан хиймэл дагуулууд холбооны, цаг уурын, геологийн гэх мэтчилэн янз бүрийн үүрэгтэй. Нам тойрог замд 24 цагийн хугацаанд 16 удаа дэлхийг тойрч мэдээллээ дамжуулж байна.

Дэлхийн хүчирхэг гүрнүүд, эдийн засгийн боломжтой улс орон л сансрын технологийг судлах, энэ салбарт хөрөнгө оруулах ёстой мэтээр бид ойлгож, хандаж болохгүй. Бидний өдөр тутмын амьдралд сансрын технологи нэвтрээд удаж байна. Утсаар ярих, интернетээр холбогдох, телевизийн олон суваг үзэх, сансраас зураг авах гээд олон зүйл сансрын технологитой холбоотой. Нөгөө талд нь тухайн нөхцөлийг бүрдүүлж байгаа компани, улс оронд сансрын бизнесийн шинэ орон зайг бий болгож байгааг ойлгох хэрэгтэй.

Тодорхой жишээ дурдвал, бид Энэтхэгийн хиймэл дагуулыг ашиглан радио өргөн нэвтрүүлэг, телевизийн олон суваг үзэж байна. Энэ үйлчилгээг авсныхаа төлөө хэрэглэгч төлбөр төлнө. Тухайн төлбөрийн тодорхой хэсэг нь сансрын хиймэл дагуулыг эзэмшигч улс болон компанид очно гэсэн үг. Мөн манай улс 1970-аад оноос эхлэн хиймэл дагуулын тусламжтайгаар цаг агаарын мэдээллээ шинэчлэн боловсруулж байна.


- Манай улсын анхны хиймэл дагуул 2017 онд хөөрч, тойрог замд хоёр жил ажиллахдаа тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Одоо хоёр дахь хиймэл дагуулаа хөөргөх гээд инженерүүд нь ажиллаж байна. Энэ ажилд яг ямар ач холбогдол байна? 

Р. Батцэнгэл: Хиймэл дагуул хөөргөх дараах хэрэгцээ шаардлага байна. Нэгдүгээрт, бид дэлхийн хөгжлөөс тасарч хоцрохгүй байх, хоёрдугаарт, сансар судлалын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчнийхээ залгамж халааг бэлтгэх хэрэгтэй байна. Цаашид 2050 он гэхэд өөрийн гэсэн холбооны, цаг уурын, онцгой байдлын хиймэл дагуултай болох ёстой. Яагаад гэвэл өргөн уудам газар нутгаа 24 цагаар хянаж хамгаалж байх хэрэгцээ шаардлага бидэнд байна. 

- Идэх хоол, түлэх нүүрсээ хүчрэхгүй байж сансрын, тэнгэрийн юм ярилаа гэсэн шүүмжлэл ч бий шүү дээ? 

О.Баатарсүх: Баялгийн шинэ нөөц бий болгохын тулд шинжлэх ухаан, эрдэм мэдлэгт түшиглэсэн эдийн засгийн өөр тулгуурыг бий болгох хэрэгтэй. Үүний нэг боломж нь мэдээллийн технологи, цаашлаад сансар судлалын салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгох боломжтой.

- Сансрын технологи, сансар судлалтай холбоотой маш олон ажил бий. Бид аль хэсгээс нь ашиг хүртэх боломжтой гэж харагдаад байна вэ?

Р.Батцэнгэл: Сансрын технологид ашиглагддаг маш олон салбар байна.  Нэгдүгээрт, түүхий эд байж болно. Хоёрдугаарт, сансарт нисч байгаа хүний хоол хүнс, цаашлаад сансрын хөлгийн түүхий эд, программ хангамжийг нийлүүлэх гээд үргэлжилнэ. Энэ талаас нь харвал маш том орон зай байна.  

О.Баатарсүх: Хүнээ сансарт нисгэсэн улс орон нисгэгчийнхээ хоол хүнсийг өөрсдөө хариуцдаг. Манай улс сансрын хоол хүнс бэлтгэх тал дээр тодорхой судалгаа, туршлагатай. 1980-аад онд БНМАУ-ын баатар Ж.Гүррагчааг сансарт нисэх үед сансрын хоол хүнсний судалгаануудыг хийж, сүү, цагаан идээ, чацарганы бүтээгдэхүүн, борцоо бэлтгэж сансарт өгч явуулж байсан түүхтэй. Нөгөө талд сансрын технологийн салбар нь маш олон салбарыг дагуулж хөгждөг. Тэгэхээр бид сансрын технологийн бүх чиглэлд оролцож чадахгүй ч өөрсдийнхөө чадах зүйл дээр ажиллаж, ашиг орлого олох боломжтой гэж хардаг.

Манай улсын хувьд сансар судлал шинэ салбар биш. Сансрын технологи өндөр хөгжсөн хоёр улсын дунд оршдог. Сансарт хүнээ нисгээд 40 жил болчихсон, хиймэл дагуулын мэдээллийг уул уурхай, газарзүй, хөдөө аж ахуйн чиглэлээр ашиглаж байсан анхдагч орнуудын нэг бөгөөд чамгүй туршлагатай. Өнөөдөр мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр залуучууд гадаадад сурч боловсроод явж байна. Энэ амжилтаасаа ухрахгүйн тулд төр засаг анхаарлаасаа гаргаж болохгүй гэж би боддог.

Б.Баатарсүх

- Одон орон, сансар огторгуйд хорхойсож, хоббигоо болгож хөгжүүлэх болсон нэг шалтгаан байгаа даа та бүхэнд? 

Р. Батцэнгэл: Одоо бодоход маш романтик санагддаг юм. 1981 онд монгол хүн сансарт нисч, улс орон даяар л хөл хөөрцөг болж байлаа. Урд талдаа “Монгол хүн сансарт нислээ” гэсэн тууз хадсан автобусууд яваад, Ж.Гүррагчаа, В.Жанибеков баатар төв музейд зочилж, Оросын шинжлэх ухаан мэдээллийн төвд үзэсгэлэн гараад л. Найзуудтайгаа сансрын нисгэгчидтэй марк, тэмдэг цуглуулдаг байлаа. Бидний хүүхэд насны маш гоё мэдрэмж. Энэ бүхнээс сансар судлалын тухай ойлголт авч байсан.

Ингээд судлаж үзэхэд одон орон судлал нь хүн төрөлхтөний анхны шинжлэх ухаануудын нэг болж таарсан. Арга ч үгүй юм. Хүн анх үүсэхэд дэргэд нь байгаль, ан амьтан дээр нь тэнгэр нар, сар, од эрхсүүд байсан. Түүхийн эх сурвалжаас үзэхээд 30 мянган жилийн тэртээ амьдарч байсан хүй нэгдлийн үеийн хүмүүс сарны тооллыг ашиглаж байсан нотолгоо Франц, Германы нутгаас олдсон агуйн сүг зурагт дүрслэгдсэн байдаг. Амьдарч байсан агуйдаа тэмдэглэж үлдээсэн ул мөрийг үндэслэн ан ав хийхэд хэзээ нь сартай байх, хэзээ нь харанхуй байх вэ гэдгийг тооцож байсан. Тэр цагаас эхлэн цаг хугацааг хэмжих хуанли үүссэн гэж үзээд байна. 

Сансар судлалтай холбоотой хар бараан түүхүүд ч бий. Дэлхий нарыг тойрдог гэж хэлээд няцаагдаж, амьдаараа шатаагдаж байсан эрдэмтэн ч бий. Шинжлэх ухааны бүх салбарууд сүм хийдүүдийн харьяанд очиж байсан үе ч байна. Ингэж явсаар сансар огторгуйг ХХ зуунд өндөр түвшинд нарийвчлан судлах боломж бий болсон.

Үүнийг хими, физик зэрэг байгалийн шинжлэх ухаанд тулгуурлаж, математикаар тооцооллоор гаргана. Саран дээр юу байдаг, яаж бий болсон, санчир гараг, марс гараг ямар бол, тэдгээрийг яаж мэдэх боломжтой вэ гээд сонирхож судлахаар ЯАГААД, ЯАЖ гэсэн асуулттай байнга тулгардаг. Тэгвэл яагаад гэсэн тэр асуултад хариулт өгөх ганц зүйл нь шинжлэх ухаан юм. Өөрөөр хэлбэл, хамгийн үнэн зүйлийг шинжлэх ухаан л хэлж өгнө. Тэр утгаараа сансар судлалын чиглэлээр хийгдсэн, хийгдэж байгаа зүйлийн талаар эрж хайж, дүү нартаа залуучуудад хүргэх хүсэл эрмэлзэл маань нэг л мэдэхэд сансрын “зүтгэлтэн” болгочихоод байна.

- Би буруу асууж байж магадгүй л дээ. Сансрын тойрог зам, одон оронд аль нэг улс, хэн нэг нь нээлт хийлээ гэхэд тэнд нээлт хийгчдийн эрх давамгайлах уу? 

Р.Батцэнгэл: Сансар судлалын салбарт хүн төрөлхтөн өөрөө нэг баг. Өөрөөр хэлбэл, хүн амьдрах боломжтой гараг нээлээ гэхэд тэр тухайн хүний, тухайн улсын өмч биш. Дэлхий дээр байгаа улс орон болгон тэгш эрхтэйгээр ашиглаж эзэмшинэ гэсэн үг. Энэ талаар олон улсын гэрээ конвенц ч бий. Далай тэнгисийн ус дундын өмч гэдэгтэй адил агаар тэнгэр дээр ч ялгаагүй, 100 км-ээс дээш хөөрсөн л бол аль ч улсын дээр байсан хамаагүй байж л байх нь.

Энэ ч утгаараа Олон улсын Сансрын станцыг байгуулаад 20 жил болж байна. Энэ станц бол дэлхийн гадаргаас дээш 400 км өндөр тойрог зам дээр ажиллаж байдаг объект. 

Өмнө нь дэлхийн тойрог замд ОХУ, АНУ өөр өөрсдийн станцтай байсан бол одоо Европын холбоо, Америк, ОХУ, Япон зэрэг улс орнуудын хөрөнгө, санаачлагаар бий болсон ганц л том станц бий. Хэн хэн нь түүнийг ашиглаад туршилт судалгааны ажлаа хийж болно. 

- Олон улсын сансрын станц байгуулагдаад 20 жил болсон гэсэн. Тэр станцад хамгийн урт хугацаагаар ажиллаж, амьдарсан хүний талаарх мэдээлэл уншигч, үзэгчдэд сонирхолтой байх?

О.Баатарсүх: Олон улсын Сансрын станцад туршилт судалгаа хийх зорилгоор олон улсын янз бүрийн мэргэжилтэй эрдэмтэн, судлаачид, сансрын нисэгчид ажиллаж амьдардаг. Эдгээрээс ОХУ, АНУ-ын судлаачид хамгийн удаан хугацаанд ажилласан байдаг. Дэлхийн татах хүчээс гадна жингүйдлийн орчинд хийж, турших шаардлагатай бүхнийг л тэнд хийж байна. Төрөл бүрийн судалгаа шинжилгээ, тухайлбал анагаах ухааны судалгаа шинжилгээ хийж, ногоо тарьж байна, Ангараг дээр амьдарч болох эсэхийг судалж байна. 

Нэг жишээ хэлэхэд, Expedition 46баг ОУСС-д 300 гаруй хоног ажиллахдаа Ангараг гараг руу хийх урт хугацааны нислэгт хүний бие организм хэрхэн дасан зохицох, сэтгэлзүй бие махбодийн ямар өөрчлөлт явагдах гэх мэт анагаах ухааны олон төрлийн судалгаа хийсэн байдаг. Ангараг гараг руу эсвэл гүн сансрын урт хугацааны нислэг хийлээ гэж бодоход амьдралын хангамжийн нөөц болон техник технологи, сансрын хөлөг гэх мэт физик асуудлуудыг ямар нэг аргаар шийдэх боломжтой. Хамгийн ярвигтай асуудал нь хүний сэтгэлзүйд гарах өөрчлөлт юм гэж үздэг. Сансарт хамгийн урт хугацаанд ниссэн абсолют рекордыг Оросын сансрын нисэгч В.Поляков эзэмшдэг.

- Дэлхий мөнх биш байх. Нөгөө талаараа хүн амын өсөлт, хөгжлийн хурдаас хамаарч амьдрах орчин нөхцөл хумигдаж мэдэх юм. Та бүхний сонсож дуулснаар хүн хэзээнээс өөр гараг дээр амьдрах шаардлага үүсэх бол. Таамгаар? 

Р.Батцэнгэл: Дэлхий мөнх биш. Гэхдээ дэлхий өнөөдрөөс цааш дөрвөн тэрбум жил оршин байна гэдэг нь баталгаатай зүйл. Дэлхийн хүн ам өнөөдөр 7.4 тэрбумд хүрсэн. Хүн амын өсөлт энэ эрчээрээ явбал 2050 он гэхэд 20 тэрбумд хүрнэ гэсэн тооцоо байдаг. Хүн ам олон болох тусам хүнсний асуудал, бусад нөөцийн асуудал хурцаар тавигдана. Энэ болон бусад асуудлаас үүдэн өөр гараг эрхэс дээр амьдарч эхлэхийг үгүйсгэхгүй. 

Одоогоор саран дээр амьдарч болж байна. Сар, дэлхий хоёрын дунд сансрын тойрог замд хиймэл дагуулыг бүтээж, амьдарч болно гэсэн судалгаа ч хийгдсэн. Саран дээр очиход гурван өдөр, гурван шөнийн хугацаа зарцуулна. Харин Марс буюу Ангараг гараг дээр очиход зургаан сараас хоёр жилийн хугацаа шаардана. 

Энэ нь Дэлхий болон Ангараг гаригууд нартай харьцангуйгаар хэр ойр байрлаж байна вэ гэдгээс хамаардаг. Ер нь Ангараг дээр хүн очих ёстой. Байгалийн тогтоц ямар байна, тэнд мод ургамал тариалж болох эсэх, ан амьтан үржүүлж болох эсэх гээд судалгааны ажлууд олон байна.

Р.Батцэнгэл

- Ер нь нарны аймгийн гарагуудаас хүн амьдрах боломжтой гараг нь Ангараг юм уу, эсвэл ганцхан Ангарагийг л судалсан болохоор тэгж үзээд байдаг юм уу? 

Р.Батцэнгэл: Дэлхийн эрдэмтэд бүх гарагийг судалж үзсэн. Хамгийн боломжтой нь Ангараг болж байгаа юм. Тухайлбал, нартай ойр байрлах Буд, Сугар гарагууд руу 40 жилийн өмнө хөлөг аваачсан. +420 градусаас +460 градус хүрч халдаг тэр гараг дээр хүний гараар бүтээгдсэн техник хэрэгсэл хамгийн уртдаа 30 минут болоод ажиллагаагүй болдог учраас хүн амьдрах боломжгүй гэдэг нь ойлгомжтой.

Ингээд дэлхийн дараагийн зам дээр байгаа ангараг гарагийг судалж үзэхэд агаарын дундаж градус нь -30’С, хамгийн халуун нь 0 градус, зарим тохиолдолд экваторын орчимд +20 градус хүрч байсан гэдэг. Харин хамгийн хүйтэн үе нь -130 градус гэж тодорхойлсон. Манай дэлхийн агаарын дундаж хэм нь +14’С. Тиймээс ангараг гараг дээр хүн амьдарч болох нөхцөлтэй гэж үзэж байгаа юм.

- Одон орон, сансар огторгуй сонирхдог хүмүүс од эрхсийг янз янзаар дурандаж  байсан байх. Их л сонирхолтой, сайхан харагддаг байх даа? 

Р.Батцэнгэл: Мэдээж бидний хийдэг гол ажлуудын нэг нь од гарагийн зураг авах. Өөрсдөө мэргэжлийн дуран олж аваад камер холбоод зураг авдаг. Ингэхдээ од мичид, сарны гадаргууны зургийг олон янзаар авна. Мөн нарны аймгийн гарагууд нэг шугам дээр таарах мөчийг ч авч байсан. Тэр бүхэн маань маш сонирхолтой санагддаг. Сар болон нарны аймгууд маш гоё, тод харагдана.

Ер нь одон орон, сансар огторгуйн чиглэлээр судалж мэдээд ирэхээр бишрэх зүйл ч их, айх зүйл ч их байдаг. Дэлхий ямар жижиг юм бэ, хүн ямар жижиг юм бэ, сансрын нисгэгчид саран дээр очих өдөр хоногийг хэрхэн өнгөрөөдөг бол гээд ... гайхшраад л судлаад л баймаар санагддаг.

- Мэргэжлийн дуранг хаанаас олж авах боломжтой, үнэ ханш нь ямар байдаг бол?

О.Баатарсүх: Дуранг онлайн худалдааны сайтуудаас дэлхийн хаанаас ч худалдан авч болно. Дурангийн талаар ойлголтгүй хүн мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч байж дуран авах хэрэгтэй. Ямар ч мэдээлэлгүй хүн шал өөр төсөөлөлтэй байх нь элбэг. Ихэнхдээ мэргэжлийн судлаачдын хиймэл дагуул ашиглан авч боловсруулсан зургаар төсөөлөөд байдаг л даа. Тэгж бодоод сонирхогчийн дурангаар харахаар төсөөлснөөсөө доогуур, огт өөр мэдрэмж авах тохиолдол бий. Манайх группээрээ мэдээлэл түгээж, дулааны улиралд од эрхэс дурандах арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Хүүхэд залуучуудад их таалагддаг.

“Васт” продакшн, “Амгалан дэлхий” ТББ

- Бид сансар огторгуйн уудмын сонин сайхны зах зухаас л ярилцах гэж хичээлээ. Бидний ярианаас лавлаж сониучирхмаар зүйл байвал Одон орон, сансар огторгуй сонирхогчдын группэд нэгдэж болох нь тийм үү?. 

О.Баатарсүх: Энэ салбар бүх шинжлэх ухаантай холбогддог, агуулгын хувьд маш том сэдэв гэж ярианыхаа эхэнд хэлж байсан. Тэгэхээр үүнийг судалж мэдэх хүсэл, хэрэгцээ, шаардлага хүн төрөлхтөнд байна. Хоёрдугаарт, хөгжлийн үндэс суурь нь байгалийн шинжлэх ухаан, тэр дундаа сансар судлал болж байна. Тэгэхээр бид энэ агуу том салбар, зах зээлээс хоцорч болохгүй. Өөрт байгаа боломж нөхцлөө дайчлан аль нэг хэсэгт нь байх л ёстой

Манай боловсролын салбарын бодлогыг тодорхойлж байгаа хүмүүс ч гэсэн байгалийн шинжлэх ухааныг хүүхэд залуучуудад багаас нь системтэйгээр сургахад онцгой анхаарах хэрэгтэй байна. Манайд мухар сүсэг, хий хоосон зүйлд автдаг хандлага их ажиглагдах болсон. Энэ байдлаас ангижрах гарц нь шинжлэх ухаанд суралцах. Судалгаа тооцоо, нотолгоонд суурилсан мэдээлэлд итгэл үнэмшилтэй хандаж сурах хэрэгтэй.

Миний хувьд сансрын судалгааны материал, номыг орчуулдаг. Зорьж байгаа ажлыг маань нэг ч гэсэн хүүхэд ойлгоод, нүдэнд нь гал асаж байвал миний зорилго бүтэх нь тэр.

Р. Батцэнгэл: Миний хувьд ч санал нэг байна. Зөвхөн сансар судлал гэлтгүй бусад салбаруудад ч шинжлэх ухааны баримт нотолгооны талаар бусадтайгаа хуваалцдаг олон групп бий байх. Цахим орчинд хаанаас ямар мэдээлэл авах вэ гэдгээ ч бас сайн бодох хэрэгтэй. Эцэг эх, багш нар чиглүүлж сургах шаардлагатай гэж боддог.

- Баярлалаа.