ЖЕНЕВ. /NHK/. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ эрчимжүүлэхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Засгийн газруудад уриалсан байна.

А.Гутерреш пүрэв гарагт НҮБ-ын гишүүн орнуудын сайд нарын олон улсын бага хурлын үеэр энэ талаар тэмдэглэжээ. Тэрбээр хэлэхдээ, дэлхийн дулаарлаас үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлүүд дэлхий дахинд долоо хоног тутам дэгдэж байна хэмээгээд, үүнтэй тэмцэх чиглэлд хувь нэмрээ оруулах үүргийг дэлхийн бүх улс орон хүлээсэн гэжээ.

Хүлэмжийн хийн ялгарлыг ирэх 10 жилийн хугацаанд 2010 оныхтой харьцуулахад 45 хувиар бууруулж, 2050 он гэхэд 0 хувьд хүргэхээр зорин ажиллахыг А.Гутереш уриалсан байна.

Ирэх есдүгээр сард НҮБ уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. НҮБ-ын тэргүүн улс орнуудын удирдагчдад хандан хэлэхдээ, хэлэх үгтэйгээ бус төлөвлөгөөтэй ирэхийг хүсжээ. 

Дэлхийн цаг уур судлалын байгууллагын хамгийн сүүлийн тайланд дурдсанаар, өнгөрсөн онд дэлхий дахинд нүүрлэсэн үер ус, ган гачгийн тоо нэмэгдсэн ажээ. Үүний зэрэгцээ далайн түвшин нэмэгдэж, далайн ус улам хүчиллэг болж, тэнгисийн мөс хайлж буйг онцолсон юм. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг