Өнгөрөгч баасан гарагт Теслагийн үйлдлийн систем 5 цагийн турш доголдсоны улмаас жолооч нар машиндаа орж, машинаа унаж чадахгүйд хүрсэнд Элон Маск уучлалт гуйжээ.

Теслагийн ажилтан санамсаргүйгээр сүлжээг сольсоны учир доголдол гарсан бөгөөд Твиттер хуудаснаа АНУ, Их Британи, БНСУ гээд олон улсаас гомдол бүхий жиргээнүүд тасралтгүй ирсэн юм.

Теслагийн машинууд хэдий биет түлхүүрээр онгойдог ч техник технологи хөгжсөн энэ үед бодит түлхүүр ашиглах хүмүүс тун ховор болжээ. 

Улмаар Солонгос улсаас Чу Жэван гэх эрхэм, “Миний iOS Тесла аппликейшн дээр 500 гэсэн алдаа заагаад байна. Ажиглаваас энэ алдаа дэлхий даяар гарч байгаа бололтой. @tesla @elonmusk” хэмээн жиргэсэн юм. 

Түүний жиргээнд Элон Маск даруй хариу өгч, “Шалгаж байна…” гэж хариулжээ. Тийнхүү тав орчим цагийн дараа ноён Маск, “Одоо буцаад ажиллаж эхлэх учиртай. Санамсаргүй байдлаар сүлжээнд доголдол үүссэн бололтой. Хүлцэл өчье. Бид дахин ийм алдаа гарахгүй байхад анхаарах болно” хэмээсэн байна.




Эх сурвалж: Daily Mail