Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдлаа. Зөвлөгөөнөөр өнгөрсөн баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан, сайжруулсан шахмал түлшний хангалт, түгээлтийн талаарх нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулааны ноцтой гэмтэл үүсээгүй бөгөөд арванхоёрдугаар сарын 31-ний өдөр цахилгааны хэт ачаалал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад найман хувиар өссөн. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас гарсан ажлын хэсэг хариуцлагатай жижүүрийн үүргийг 24 цагийн турш гүйцэтгэж үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. Мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн хүсэлтээр цагаан давааны хогийн цэгийг өнөөдрөөс /2020.01.04/ нээж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл өгөв.