Б.Анхилам
10 сарын 19, 2021
"TED Ideas" -ийн илтгэгч Кара Лэйн нь харилцааны коуч, урам зориг өгөх илтгэгч юм.
Түүний "Хэрхэн илүү дээр хүн болох вэ?" цувралд илтгэсэн яриаг орчуулан хүргэж байна.
Нэгэн орой би хөвгүүдээ хоолоо ид гэж дуудахад тэд бууж ирсэнгүй. Нэлээн дуудаад ирэхгүй болохоор нь миний уур хүрч, тэдний өрөө рүү явж ороод тоглож байсан тоглоомыг нь унтраачихлаа.
Дэлгэц унтрахад тэдний нүүрэнд уур бухимдал илт. Би "Хоолоо ид" гэхэд хөвгүүд маань дурамжхан гэлдрэв. Тэдний уур бухимдлын хариуд би "Та хоёр цагаа хий дэмий үрж байна" л гэж хэлэх байлаа. Гэхдээ тэгж хэлээгүй.
Тэр орой би хөвгүүдээ загнахыг урьтал болголгүй тоглоомынх нь талаар сонирхон асуусан юм. Яагаад видео тоглоом тоглох нь та хоёрт тийм чухал юм бэ?
Одоо бол би тэгж асуусандаа баярладаг. Тэд маш их гайхсан бөгөөд намайг үнэхээр мэдэхийг хүсч байгаа эсэхийг асуусан. Тэдний хэлснээр хөвгүүдийн хүрээлэлд видео тоглоом тоглодоггүй хүүхэд үгүй аж.
Хөвгүүд маань дэгстүүлээгүй байсан. Энтертайнмэнт софтвэйр нийгэмлэгийн хийсэн судалгаагаар дэлхийн хүн амын 2.5 тэрбум нь видео тоглоом тоглодог аж. Энэ тоо нь бараг л нийт хүн амын гуравны нэгтэй дүйцнэ.
Миний хүүхдүүд надад огт мэдэхгүй ертөнцийг таниулсан. Одоо цагт тоглоом тоглох нь дан ганцаар тоглох бус олон тоглогчтой хамтарч, холбогдож тоглох болсноор нэгэн томоохон энтертайнментийн төрөл болон хувирчээ.
Өрсөлдөөн, асуудал шийдвэрлэх чадвар, оньсого хийгээд логик сэтгэлгээ шаардах даалгавраар баялаг тэдгээр тоглоом нь соёл, түүх, урлаг, нийгмийн асуудлуудыг хөндсөн байх ба таны хүүхдэдээ зааж өгөхийг хүсдэг бүх зүйлийг агуулдаг. Мөн тоглоомууд нь өөрийн гэсэн философитой бөгөөд стратеги, ур чадвар шаардана.
Энгийнээр, илүү ойлгомжтой тайлбарлаваас, та өөрөө сонирхолтой ном уншиж, гайхалтай кино, үзүүштэй тэмцээн үзэж байна гээд төсөөл дөө. Амттай биш гэж үү? Тэгвэл та тэр л орчинд тэдгээрийг өөрөө удирдах боломжтой гэж бодъё. Тэнд та бусадтай өрсөлдөж, таны шийдвэр, хийх үйлдлүүдээс цаашдын үйл явдал нь хамаарна. Энэ бол орчин үеийн видео тоглоом.
Хөвгүүд маань надад өөр зүйлсийг ч хэлж өгсөн. Жишээлбэл, намайг тэдний компьютерыг албан хүчээр унтраахад тэдэнд дараа нь тодорхой хэмжээний шийтгэл оногддог гэсэн. "Ээж минь, та биднийг таныг дуудахад шууд л тоглоомоо зогсоохыг хүсдэг ч тоглоомын ертөнцөд бидэнд хариуцлага гэж бий. Цахимаар холбогдон тоглож байхдаа тоглоомоо зүгээр л орхиод явчихаж болдоггүй юм. Та биднийг зожиг, найз нөхөдгүй, компьютер шагайхаас өөр зүйл мэдэхгүй гэж хэлэхэд үнэхээр хэцүү байдаг. Бид чинь олон найзтайгаа тэнд л тоглож, холбогддог. Тэнд л бид шинэ, хуучин хамаагүй найзуудтайгаа уулзалддаг" гэсэн юм.
Одоо бол би ихэвчлэн гал тогоондоо, харин хөвгүүд өрөөндөө тоглож л байдаг. Би тэдний тоглоом тоглох хүслийг нь хорихоо больсон бөгөөд оройн хоолны цаг болоход тоглоомынхоо аль хэсэгт явааг асуудаг болсон. Тэднийг тодорхой хариулт өгөхөд би ч хоолоо хийж, тоглож дуусахын үед бид яг л миний хүсдэгчлэн амар тайвнаар бүгдээрээ зэрэгцэн хооллодог.
Нэгэн өдөр том хүү маань над дээр ирээд "Ээж ээ, би өдрийн 3 цагаас хойш тайван тоглохын тулд танд юу хийж өгөх хэрэгтэйг минь хэлээд өгөөч" гэсэн юм. Тэгэхэд л би түүнийг хүслээс давуу байдал гаргаж авч болохоо ухаарсан. Би түүнд хийх хэрэгтэй ажлын жагсаалт өгсөн. Гэрийн даалгавраа бүгдийг нь хийх, эмээтэйгээ өдрийн хоолны цагийг хамт өнгөрүүлэх, зүлэг тэгшлэх гэсэн ажил даалгахад тэр бүгдийг нь хийж билээ. Дараа нь тэр "Ээж ээ, энэ үнэхээр сайхан санаа байна. Би тоглоомынхоо төвшинг ахиулахын тулд бүх л үдийг өөртөө ашигламаар байсан юм" гэсэн.
Тэгж л би видео тоглоом тоглохыг спорт адил хүлээж авдаг болсон. Энэ нь та хүүхдээ хөл бөмбөгийн багт тоглож байхад нь "Одоохон болиод хог гаргаж хая" гэж хэлэхгүйтэй агаар нэг. Би хөвгүүд маань өөрсдийн хариуцлагыг үүрч л байвал тайван тоглуулж байхаар шийдсэн.
Эх сурвалж. TED
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [59.153.115.101] ・ 2021.10.20 Хариулах
Үгүй. Тийм биш. Харин ч цагийн алуур мөн
Зочин [124.158.81.28] ・ 2021.04.23 Хариулах
Энэ мэдээллийг уншаад их сонин сэтгэлгэгдэл төрж байна. Миний бодлоор бол ихэнх хүүхдүүдийн хувьд компьютерийн тоглоомны ертөнцийн оршин суугч болон хувирах эсэх нь тэдний насны байдлаас хамаарч шийдвэрлэгдэх байх. Учир нь оюуны хувьд зан араншин, /характер/ нийгмийн бодит харицааны хувьд анхан шатны ойлголт, мэдлэгийг олж авч боловсорч буй үедээ, ялангуяа оюун санаа нь ид хөгжиж байгаа өсвөр насандаа цахим ертөнцийн хийсвэр харилцаа, хуурмаг оршихуйд дасч, цахим тоглоомонд хэт автахыг хүүхдүүддээ эцэг эх, гэр бүлийн зүгээс зөвшөөрч огт болохгүй. Энэ нь нэг үгээр хэлбэл хүүхдээ харанхуй гудамд ганцааранг нь ямар ч хамгаалалтгүй үлдээж байгаатай адилхан юм шүү дээ. Тэр ч утгаараа бодит амьдрал дээр жинхэнэ хүн болж төлөвших, нийгэмд биеэ авч явах талаар цахим тоглоомноос биш харин ч эсрэгээрээ эцэг, эхээсээ гэр бүлийн халуун дулаан харицаанаас суралцах нь зайлшгүй чухал хэрэгтэй байгаа юм. Надтай адилхан бодож буй олон монгол эх, эцэг байгаа байх аа гэж найдаж байна. Өнөө цагт цахим тоглоомонд хүүхдүүдийг хэт автаж байгаад санаа зовж, эцэг эхчүүд энэ талаар юу гэж боддогийг болоод нийгмийн сэтгэл зүйг судлах байдлаар хэлэлцүүлэхээр хачирхалтай үзэл бодол бүхий уран илтгэгчийн хэлсэн үгийг орчуулан тавьсан юм болов уу ч гэж бодсоны учир сэтгэгдэлээ орууллаа.
Санал болгох
1 Х.Үүрийнтуяа: “Ирээдүйгээ өөрчлөхөд минь та хамт байх хэрэгтэй байна” гэсэн захианаас үргэлжлүүлж багшлах урам зориг авсан
2 Тогтвортой байдлын төлөөх үйл хэргийн боловсролыг хэлэлцэж байна
3 Люксембургийн хөрөнгийн биржид Голомт банк ХК-ийн анхны ногоон, нийгмийн бонд бүртгэгдлээ
4 Peak.mn сайт хүний эрхийн мэдрэмжтэй редакциудын нэгээр тодорлоо
5 О.Хулан: Хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрдөггүй, нэгэндээ тусалдаг байгаарай