1950 оноос хойш Францын католик сүмд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын тоо 216 мянга даваад буйг Францын Үндэсний Эрүүл мэнд, Анагаах ухааны Судалгааны хүрээлэн тогтоожээ. 

Энэ нь зөвхөн католик сүмийн санваартнуудын хүчирхийлэлд өртсөн хохирогчид бөгөөд бусад шашны сургууль, залуучуудын хөтөлбөрийн багш, ажилчдын хүчирхийллийн хохирогчдын тоог нэмбэл 330 мянга хүрдэг байна. 

Францын католик сүмийн удирдлагууд хэзээд өөрсдийн аюулгүй байдал, сүмийн нэр төрийг хамгаалах арга хэмжээ авсаар ирсэн ба хохирогчдод хэрцгий, хайхрамжгүй хандаж, чимээгүй байхыг шаарддаг байна.

Эх сурвалжийн мэдээлснээр 1950-2020 оны хугацаанд нийт 115 мянган санваартан, ажилчдын дундаас 2900-3200 хүн хүүхдүүдийг бэлгийн дарамтад оруулж байсан нь тогтоогджээ.

Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн сургуулиудтай харьцуулахад хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн дийлэнх тохиолдлууд шашны сургуулиас илэрчээ. 

Франц улсын нийт бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн 4 хувь нь шашны сүм хийд, сургуулийн орчинд үйлдэгддэг байна.

Эх сурвалж: CNN