Цар тахлын сөрөг нөлөөлөл улс орнуудын эдийн засаг, иргэдийн амжиргаанд хүндээр туссаар байна. 2021 оны аравдугаар сард Хятадын Эрээн хотод коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Өвлийн олимп зохион байгуулах гэж буй тус улсын хувьд дотооддоо халдваргүй байхын тулд залгаа улсуудынхаа хилийг хаасан билээ. Үүнээс үүдэж БНХАУ-аас импортын бүтээгдэхүүний хамааралтай байдаг Монгол Улсын хувьд хүнд байдалд орсон. Тухайлбал нарийн ногоо тасарч, үнэ нь нэмэгдэж зарим иргэд худалдаж авч чадахгүйд хүрч байгаа юм. 

Бичлэг үзэх:

Иргэд ярьж байна...

/Иргэн И.Эрхбаяр/

Манайх нарийн ногоог тогтмол хэрэглэдэг л дээ. Хэд хоног нарийн ногоо тасарсан. Өнөөдөр Баянзүрх зах орж ирэхэд нарийн ногоо ирсэн байна. Хоёр дахин үнэтэй байна. Манайх броколлиг хуучин 7500-аар авдаг байсан. Одоо 15000 гэж байна. Жаахан ирсэн ногоо нь хүмүүстээ бас хүртэхгүй байгаа юм шиг байна шүү дээ. Амралтын өдөр хүнсний ногоогоо цуглуулах гээд ороод иртэл нэлээд үнэтэй, хүртээмжгүй л байна. 

/Иргэн Л.Туяа/ 

Нарийн ногооны үнэ нэлээд өссөн байна. Хоёрхон ногоо авахад л 10000 гараад явчихаж байна. Нялх хүүхэдтэй болохоор хүүхдэдээ аль болох шим тэжээлтэй хоол өгөх гээд байнга нарийн ногоо хэрэглэдэг. Нэг хэсэг нарийн ногоо тасрахад төмс, луувангаар л хоол хийж өглөө. Сая Баянзүрх худалдааны төв ороод жаахан брокколли авахад 10000 болчихлоо. Нэг хэсэг байхгүй байсныг бодоход вагоноор нарийн ногоонууд ирж байгаа гээд худалдагч нар нь ярьж байна. 

/Иргэн, хүнсний ногооны худалдагч Б.Бурмаа/

Манайх ногоо, нарийн ногоо зараад 5-6 жил болж байна. Хил хаагдаад, нарийн ногоо тасраад, худалдан авагчидгүй болж, орлого тасраад амьдрал жаахан хэцүүдлээ. Тэгээд улс шийдвэр гаргаад вагоноор бага зэргийн ногоо татаж авсан ч гэсэн үнэтэй учраас худалдан авагч байхгүй. Алдагдалтай, хэцүү л байна. Хил нээгдэх ер нь болоогүй, хэзээ нээх нь тодорхойгүй байх шиг байна. Амьдрахад хэцүү л байна шүү. 


Эх сурвалж: А24 News Agency