Махны худалдааг хотын төвийн зургаан дүүргийн 31 байршилд зохион байгуулж, нийт 3400 тонн мах бэлтгэн нийлүүлнэ. 

Идэшний махнаас гадна сүү, цагаан идээ, орон нутгийн онцлог бүтээгдэхүүн, идэшний зориулалтаар үйлдвэрт бэлтгэж, жижиглэж савласан мах, хөргөгч, хөлдөөгчний лизингийн худалдааг тодорхой цэгээр, хуваарийн дагуу зохион байгуулах болжээ. Мөн орон нутгаас хувийн хэрэгцээнд зориулан бэлтгэсэн идшийг тээвэрлэх, хүргэх үйлчилгээг хүнсний худалдааны логистикийн сүлжээ, шуудангийн үйлчилгээг ашиглан зохион байгуулахаар төлөвлөж, хамтран ажиллах хүсэлтийг хүргүүллээ гэж ХХААХҮЯ-наас мэдээлэв. 

Нийслэлийн статистикийн газраас танилцуулсан махны дундаж үнэ:

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10849 төгрөг, 

Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 13443 төгрөгийн үнэтэй байна. 

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 121 (0.9%) төгрөгөөр өсөж, үхрийн цул махны үнэ 48 (0.3%) төгрөгөөр буурчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 11000 төгрөг, “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 16500 төгрөг байна.  

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 22 (0.2%) төгрөгөөр, хонины цул махны үнэ 221 (2.0%) төгрөгөөр тус тус буурсан байлаа. Хонины ястай мах “Хүчит шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 8500 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 14000 төгрөгөөр худалдаалж байна.