Хөгжмийн зохиолч, рэппэр, Yeezy хувцасны брэндийг эзэмшигч Кане Уэст өөрийн твиттер хуудсандаа еврейчүүдийг ялгаварлан гадуурхсан утгатай пост нийтэлсэн нь олны дургүйцлийг төрүүлсэн билээ. 

Уг явдлаас үүдэж Адидас, Баленсиага зэрэг томоохон брэндүүд ямар ч төрлийн ялгаварлан гадуурхалтыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, түүнтэй хамтран ажиллах гэрээгээ цуцалж буйгаа мэдэгдлээ.

Түүнчлэн Форбес сэтгүүл Канег тэрбумтнуудын жагсаалтаасаа хасжээ. Тус сэтгүүлийн үзэж буйгаар Адидас хамтын ажиллагаагаа цуцалсан нь Канед 1.5 тэрбум ам.долларын алдагдал учруулсан байна.

Түүнчлэн Канегийн одоо байгаа хөрөнгийн хэмжээг 400 сая ам.доллар хэмээн тооцоолжээ. 

Кане Yeezy бэлэн хувцасны брэндээ Адидас компанитай хамтран нээж байсан юм. “Morningstar”-ийн шинжээч Дэвид Сварцын үзэж буйгаар Адидас компани Yeezy брэндийн тусламжтайгаар жилийн 2 тэрбум ам.долларын ашиг олдог байсан аж. Харин эдгээр брэндүүдийн хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор Адидас 246 сая ам.долларын алдагдал хүлээх гэнэ. 

Сонирхуулахад, Канегийн 400 сая ам.долларын хөрөнгийг түүний хөгжмийн цомог, үл хөдлөх хөдлөх хөрөнгө, Ким Кардашьяны Скимс хувцас загварын брэндийн хувьцаа бүрдүүлдэг аж.

Эх сурвалж: Now and This