Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос нийт хүн амыг коронавируст халдварын цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамруулах ажлыг амжилттай зохион байгуулж, 10 дугаар сарын 6-ны байдлаар “Ковид-19”-ийн эсрэг вакцины хоёрдугаар тунд манай улсын нийт хүн амын 65.5 хувь, нэмэлт гуравдугаар тунд 323,940 хүн хамрагдаад байна.

Гэвч коронавирусын мутацид орсон хувилбар өвчлөлийн тоог нэмэгдүүлж, вакцины үйлчлэлийг бууруулж байгаа нь зөвхөн Монгол Улсад бус дэлхий нийтэд тулгамдсан асуудал болоод байна.

Засгийн газар, Улсын онцгой комисс эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх бодлого барьж байгаад МҮХАҮТ-ын зүгээс талархалтай хандаж байгаа бөгөөд цаашид хатуу хөл хорио тогтоохгүй байж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын тулд дархлаажуулалтын нэмэлт гуравдугаар тунд нийтээрээ идэвхтэй хамрагдах, бизнесийн үйл ажиллагааг халдвараас урьдчилан сэргийлэх арга замтай хослуулан шинэ хэв маягаар тогтвортой ажиллуулах хэрэгцээ шаардлага үүсэж байна.

Иймд аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа тогтвортой явуулахын тулд ажилтан, албан хаагчдаа нэмэлт гуравдугаар тунд идэвхтэй хамруулах, үйлчлүүлэгч, харилцагчдаа ч идэвхтэй хамрагдахыг уриалан Засгийн газар, Улсын онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин ажиллахыг уриалж байна.