Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциум (ICIJ) дэлхийн удирдагч, дээд албан тушаалтнуудын оффшор хөрөнгийг илрүүлжээ. 

BBC, Guardian тэргүүтэй 140 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага 6.4 сая баримт, 3 сая гаруй зураг, хагас сая цаасан баримтыг ил болголоо. 

Тус баримтад Владимр Путинаас эхлэн дэлхийн нөлөө бүхий 90 орны 330 гаруй улс төрч, тэрбумтнуудын мэдээллийг багтаасан аж. 

Эдгээр хүмүүс татвараас зайлсхийх, мөнгө угаах, хээл хахуулиа нуун дарагдуулах зорилгоор оффшор бүсэд үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ. 

Мөн бичиг баримт хуурамчаар бүрдүүлэх, халхавч компани байгуулах зэргээр хууль бусаар хөрөнгөө нуухыг оролдсон хэмээн буруутгагдаж буй.


Пандора баримтад Монголоос хэн багтав?

Тус баримтад Монголоос хоёр улс төрч багтсаны нэг нь ерөнхий сайд асан С.Батболд юм. 

Түүнийг уул уурхайн гэрээ хэлэлцлүүдээс олон сая ам.доллар завшиж баяжсан хэмээн тус мэдээлэлд дурджээ.

С.Батболдын хувьцаа эзэмшдэг “Premier Edge” компани Лондонд тансаг зэрэглэлийн хоёр орон сууцыг 8.8 сая ам.доллароор худалдан авчээ. Тус улсын дээд шүүхээс энэхүү сууцыг мөнгө угаах гэмт хэрэгтэй холбогдсон гэх үндэслэлээр худалдан, шилжүүлэхийг хориглоод байгаа юм. 


Пандора баримтад ямар улс төрчид багтав?

  • Йордоны хаан Абдулла Англи болон АНУ-д 70 сая ам.доллараар үнэлэгдэх харш эзэмшдэг ч татвар төлдөггүй.
  • Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэйр эхнэрийн хамт Лондонд оффисын зориулалтаар үл хөдлөх хөрөнгө авахдаа 312 мянган еврогийн барааны тэмдэгтийн татвар төлөөгүй. 
  • Оросын ерөнхийлөгч Владимр Путин Монокад харштай.

Энэ мэт улс төрчдийн мэдээллийг үе шаттайгаар олон нийтэд дэлгэж байна.