Эм, эмийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, чанар стандартад хяналт тавьж,  наймдугаар сарын 1-нээс эхлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэд гаднаас эм тариа авахуулахгүй байх зохион байгуулалтад шилжиж ажиллахыг Шадар сайд даалгажээ.

Энэ хүрээнд холбогдох  яам, агентлагийн зүгээс эрүүл мэндийн байгууллагуудын эм, эмийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, үнийн тогтвортой байдлыг шалган, цаашид авах арга хэмжээний талаар өнөөдөр УОК-ын дэргэдэх шуурхай Ажлын хэсэгт танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар эм ханган нийлүүлэх төвүүдэд вирусийн эсрэг "Рeмдeсивeр" 37 мянга, "Умифeновир" 1.3 сая ширхэг нөөцтэй байна. Эрүүл мэндийн байгууллагуудад эмийн нөөц тасалдаагүй,  үнийн хувьд тогтвортой байгаа гэлээ. 

Цаашид Эрүүл мэндийн яамнаас  вирусын эсрэг эмийн хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд 3 төрлийн эмийг ерөнхий гэрээгээр оруулж ирэхээр бэлтгэл ажлыг хангаж, 1 сая тунг  захиалжээ. Мөн  халдварын хүнд шинж тэмдэгтэй иргэдэд хэрэглэдэг, нас баралтаас урьдчилан сэргийлэх өндөр үйлчлэлтэй "Тоцилизумаб" эмнээс 2000 ширхэгийг ойрын хугацаанд нийлүүлэхээр болжээ.

Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчид дотооддоо вирусийн эсрэг Умифеновир/ арбидол/, Фабипиавир зэрэг 2 төрлийн эмийг үйлдвэрлэхээр бэлтгэж байгаа бөгөөд түүхий эд хангалттай байгаа гэлээ.

Наймдугаар сарын 1-нээс эхэлж бүх эмнэлгүүд эм эмийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлтийг өөрсдөө хариуцахаар болж байгаа. Гэвч эмнэлгүүд өдгөө эм ханган нийлүүлэх байгууллагуудад их, бага хэмжээний өртэй явж байгаа нь эмийн нөөц бүрдүүлэлтэд хүндрэл учруулж болзошгүй байгааг Эм, эмийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан дуулгалаа. 

Эмнэлгүүдийн өр төлбөрийн асуудлыг судлан шалтгаан нөхцөлийг бодитоор тодорхойлж, цаашид эм эмийн хэрэгслийн нөөцийг хэрхэн бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлтээ нэгтгэн танилцуулахыг Шадар сайд салбарын яам, холбогдох агентлагийнханд үүрэг болгов.

Мөн эмийн нөөц, чанар стандарт, үнийн тогтвортой байдалд онцгой анхаарч, аж ахуйн нэгжүүдийг нээлттэй, ил тод мэдээллээр хангаж ажиллахыг Эм, эмийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргад анхаарууллаа.