Мэдлэг, мэдээллийг орон зай үл хамааран эзэмших нь цахим хэрэглээний давуу тал ч нөгөө талдаа хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болох нь ихсэж байна.


Хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавих, өсвөр насны хүүхдүүд танихгүй хүнтэй цахимаар харилцахгүй байхыг зөвлөж байна.

ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Тайван:


"Гэмт этгээдүүд хуурамч хаяг нээн насанд хүрээгүй охидтой танилцах, хүүхдийг хууран мэхлэх, өөртөө дасгах, заналхийлэх зэргээр бэлгийн харьцаанд оруулах, садар самууныг сурталчилсан зураг бичлэг явуулах, насанд хүрээгүй хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэх зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа. 

Жишээлбэл, иргэн Б гэгч нь хохирогчтой хуурамч хаягаар харилцах, хүүгүйгээр мөнгө зээлнэ хэмээн мэхэлж, барьцаанд нь нүцгэн зураг, бичлэгийг нь авчээ. Улмаар зураг, бичлэгээр нь насанд хүрээгүй хохирогчийг айлган сүрдүүлэн өөрийн эрхшээлд оруулан, дахин зураг бичлэг өгөхийг шаардан дарамталсан ноцтой хэрэг гарлаа. Мөн хохирогчдын нүцгэн зураг бичлэгийг хаалттай группүүдэд тараасан гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна" гэлээ. 

Гэмт этгээдүүд хэрэг үйлдэхдээ дараах аргуудыг зонхилон ашигладаг. 


  • Нэр хувийн мэдээлэл нь тодорхойгүй хуурамч хаяг ашигладаг. 
  • Хүүгүй мөнгө зээлнэ гэх мэдээлэл оруулж, хохирогчтой холбоо тогтоодог. 
  • Холбогдож байгаа хүмүүсээс ганц бие, оюутан, насанд хүрээгүй охидтой чатаар харилцдаг. 
  • Өөрийгөө мөнгө зээлэгч хэмээн итгүүлж, овог нэр, гэрийн хаяг гэх мэтчилэн хувийн мэдээллүүдийг дэлгэрэнгүй авдаг. 
  • Зээл олгоогүй байж барьцаа хэмээн 10 хувийг нь урьдчилж авахын зэрэгцээ барьцаанд нь  охидын нүцгэн зургийг авдаг. Улмаар нүцгэн зураг, бичлэгээр нь сүрдүүлж, олон нийтийн сүлжээнд тараана гэх мэтээр заналхийлж, дахин зураг бичлэг өгөхийг шаардан өөрийн бүрэн эрхшээлд оруулахыг оролддог.


Нэгэнт хувийн мэдээллээ өгч, гэмт этгээдийн эрхшээлд орсон хохирогч нар дахин бичлэг, зургаа өгөхөөс өөр сонголтгүй нөхцөлд орж, санхүүгийн болон сэтгэл санааны дарамтад орж байгаа юм.

Хохирогч болохгүйн тулд яах вэ?


  • Нэр, зураг тодорхойгүй хүний найзын хүсэлтийг авахгүй байх
  • Танихгүй хүнтэй харилцахгүй байх
  •  Ямар ч нөхцөлд танихгүй этгээдэд зураг, хувийн мэдээллээ өгөхгүй байх 
  • Мөнгө зээлдүүлэгч хувь хүн нь баталгаагүй тул санхүүгийн асуудлаа шийдвэрлэхийн тулд банк эсвэл санхүүгийн баталгаат байгууллагад хандах хэрэгтэй юм.


Харин хувийн мэдээллээ алдсанаа мэдсэн бол тэр даруйд цагдаагийн байгууллагад хандах нь зүйтэй. Хэрэв ямар нэгэн тохиолдлоор бусдад хувийн мэдээллээ алдаж, тэр нь цахим орчинд цацагдсан бол тухайн иргэн буцаан олж авахад хүндрэл үүсэж, таагүй мэдээлэл нь иргэнийг насан туршид нь дагах аюултай тул хариуцлагатай байхыг Эрүүгийн цагдаагийн албанаас санууллаа.