Польш улс Беларусийн хөнгөн атлетикийн тамирчин Кристинад улс төрийн орогнол олгож, өнгөрсөн лхагва гарагт тэрбээр Польш руу ниссэн билээ. Энэ үйл явдлыг Олон улсын олимпийн хороо хяналтандаа авч, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн юм. 

Энэ ажиллагааны хүрээнд 

Кристинаг эх орон руугаа буцахыг шаардсан Беларусийн 2 дасгалжуулагч болох Артур Шимак, Юри Майсевич нарын эрхийг хураан авч, Токиогийн олимпоос хөөжээ. ОУОХ мэдэгдэлдээ "Токиод үлдсэн Беларусийн шигшээ багийнхны аюулгүй байдлыг хангахын тулд ийм үйлдэл хийлээ" гэсэн байна.

Польш руу ниссэн Кристинаг сэтгэлзүйн хувьд тогтворгүй гэх шалтгаанаар Беларусь улс өчигдөр үндэсний шигшээ багаасаа хөөсөн аж. Харин Кристина BBC-д өгсөн ярилцлагадаа "Тэдний хэлж байгаа бүгд худлаа. Миний бие болоод сэтгэл санаа хэвийн байгаа. Үгүй бол би яаж олимпод оролцохоор ирэх билээ дээ" гэжээ. Мөн түүнийг эх орондоо буцахаар онгоцны буудал руу явж байх үед эмээ нь залгаад "Энд нөхцөл байдал хурцадмал байна. Чи Беларусь руу буцаж ирээд хэрэггүй" гэж сануулжээ. 

Кристина үүсээд буй нөхцөл байдлын талаар BBC-д ярилцлага өгөх үеэр

Энэ хэргээс үүдэн олон улсыхны анхаарал Беларусь руу төвлөрч байгаа юм. Кристинагийн асуудал 1994 оноос хойш Александр Лукешенкогоор удирдуулж байгаа Беларус улсын дотоод зөрчлийг тодхон харуулж байна хэмээн дүгнэх хүн олон байна. 

Учир нь өнгөрсөн жил Лукешенкогийн хатуу дэглэмийг эсэргүүцэж, нийтийг хамарсан жагсаал болсон. Жагсагчдын нилээдгүй хувь нь тамирчид байсан бөгөөд жагсаалын дараа тэдгээр хүмүүс үндэсний шигшээ багаасаа хөөгдөж, тамирчны кареераа дуусгасан тохиолдол гарсан байна. 

Эх сурвалж: BBC