Туслахтайгаа үнсэлцсэн Их Британийн Эрүүл мэндийн сайд огцорчээ

Л.Дэлгэрмаа
06 сарын 27, 2021

Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок албан тушаалаасаа огцрох болсныг зарлажээ. 

Тодруулбал,  "The Sun" сонин Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок албан өрөөндөө туслах эмэгтэйтэйгээ үнсэлцэж байгаа камерын бичлэгийг дэлгэн, Эрүүл мэндийн сайд өөрөө халдвар хамгааллын дэглэм, тэр дундаа хүн хоорондын зай барих дэглэмийг зөрчсөн гэдэг асуудлыг хөндсөн байна. Эрүүл мэндийн сайд болон туслах эмэгтэй нар тус тусын гэр бүлтэй байжээ. 

Энэ асуудал сөрөг хүчин болон олон нийтийн дургүйцлийг хүргэж нэлээд газар авчээ. Мөн Эрүүл мэндийн сайд зарим тендерийг хууль бусаар хамаарал бүхий этгээддээ олгосон зэрэг асуудал ар араасаа хөндөгдөх болсон байна. Иймд Эрүүл мэндийн сайдыг албан тушаалаас нь огцруулах шахалтыг  сөрөг хүчин Лэйбор намаас Ерөнхий сайд Борис Жонсонд тавьжээ. Ерөнхий сайд уг асуудал нь хувийн асуудал учраас огцруулах үндэслэлгүй гэж байсан ч Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок баасан гаригт өөрөө огцрох өргөдлөө гаргасан байна. 

Эрүүл мэндийн сайд асан Мэтт Хэнкок өргөдөлдөө "Бид, манай улс цар тахлын эсрэг тэмцэж, ялахын төлөө маш их хүчин чармайлт гарган ажилласаар ирсэн. Цар тахалтай тэмцэхэд олон золиос гаргасан. Гэсэн хэдий ч миний хувийн амьдралтай холбоотой асуудлаас болж цар тахалтай тэмцэх ажил орхигдож, нийгмийн анхаарлыг өөр зүйлд сарниулаасай гэж хүсэхгүй байна. Олон хүн дэглэмээ барьж, цар тахлаас сэргийлэхэд хувь нэмрээ оруулж байгаа. Дэглэмээ баримтлах журам маш чухал. Иймд шударга байхын тулд миний бие албан тушаалаасаа огцрох өргөдлөө гаргаж байна" гэжээ.

Энэ асуудалд  Борис Жонсонд харамсаж байгаагаа илэрхийлээд өргөдлийг нь хүлээн авсан аж. Английн Дотоод хэргийн сайд асан Сажив Жавид Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдохоор болсон байна.

Холбоотой сэдвүүд

их британи суудлаас огцрох

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.