Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Үндэсний их баяр наадмыг цахимаар үзэгчгүй зохион байгуулах шийдвэр гарлаа. Наадмыг цахимаар буюу үзэгчгүйгээр зохион байгуулахтай холбоотойгоор наадмын төсвөөс хэмнэсэн мөнгийг эрүүл мэндийн салбарт зориулахаар болсон байна.

Түүнчлэн бүх аймаг, сумдын баяр наадмыг зогсоох, хориглох шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргажээ.

Энэ жил  Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож буй. Үүнтэй холбогдуулан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад 10 тэрбум төгрөг төсөвлөсөн тухай албан бус мэдээ гарсан юм. 

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Наадмыг зохион байгуулахад 3.2 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. 10 тэрбум нь 100 жилийн ойг тэмдэглэх нийт мөнгө юм. Наадмыг цахимаар тэмдэглэх болсон тул 3.2 тэрбум төгрөгөөс хэмнэгдэнэ" гэв.