Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 4.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд эхний ээлжийн 3.5 км авто замыг өнөөдөр нээлээ. 

Нээлтийн арга арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра нарын холбогдох албаны төлөөлөгчид оролцов. Тус замын ажлыг нийслэлийн төсөв, замын сангийн хөрөнгөөр “ЗБИБ” ХХК болон “Моторсервис” ХХК хамтран өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн хийж гүйцэтгэсэн байна.   

Нээлтийн эхэнд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 3.5 км урт, 13 м, 4 эгнээ зорчих хэсэгтэй, 1м явган хүний зам, 1.25м дугуйн замтай, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, ус зайлуулах хоолой бүхий иж бүрэн авто замыг ийнхүү нээж байна. 

Үүнийг УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайханы санаачилгаар хийсэн. Цаашид тохижилтын ажлыг хийж гүйцэтгэн долоодугаар сард Улсын комисст хүлээлгэн өгөх болно” хэмээлээ.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Нийслэлчүүд, Налайхчууд маань авто замын шинэчлэлийг хийгээд явж байна. Үүний нэг нь Налайх дүүргийн 4 эгнээ бүхий 4.4 км авто замын шинэчлэлийн ажил юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд бид бүтээн байгуулалт, дэд бүтцийн олон ажлуудыг хийлээ. Улаанбаатар-Налайх, Налайхын дотор нийт 40 гаруй км замын шинэчлэлтийн ажлыг хийсэн байна. Төвийн дүүргүүдэд ч мөн замын шинэчлэлт, бүтээн байгуулалтын ажлуудыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэн ашиглалтад оруулахын тулд онцгойлон анхаарч ажиллаж ирсэн. 

Эхний ээлжид авто замын зорчих хэсгийг нээж, цаашлаад дугуйн зам, явган хүний замын ажлуудыг гүйцэтгээд явах болно. Налайх дүүрэгт байгуулж буй дугуйн зам Яармаг, Сонсголонгийн гүүр хүртэл тавигдах юм. Бид стандарттай хот болгох ажлыг эхлүүлж, өрнүүлсэн. Энэ хүрээнд авто замыг чанар стандартын дагуу барьж, ашиглалтад оруулахад анхаарч ажиллалаа” гэв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.ОтгонсүхНалайхын 20.9 км замаас авахуулаад авто замын бүтээн байгуулалтын ажил энэ дүүрэгт ихээхэн өрнөж байна. Үүний нэг бол 4.4 км авто замын ажил юм. Олон улсын чанар стандартад нийцсэн энэхүү зам бол улсын жишиг болохуйц бүтээн байгуулалтын ажил болсон гэдгийг онцлон хэлье” гэсэн юм.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.ИндраНалайх дүүргийн хөдөлгөөний эрчим хамгийн ихтэй энэ замыг бид хугацаанаас нь өмнө нээж байна. Мөн Налайх дүүргийн 1 дүгээр хорооноос Тэрэлжийн замтай нийлсэн авто зам болон холбоос замуудыг шинэчлэн сайжруулах ажлуудыг хийж байна” хэмээлээ.

Өнгөрсөн жилүүдэд Налайх дүүрэгт нийт 16.35 км авто замын шинэчлэлтийн ажлыг хийжээ.



Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс