Монголын Үндэсний бөхийн холбоо /МҮБХ/ “Грийн шоу продакшн”-тай хамтран шинэлэг хэлбэрийн барилдаан зохион байгуулахаар болжээ.

Энэ талаараа МҮБХ "Дэлхий даяар тархаад байгаа цар тахлын улмаас МҮБХ-ноос зохион байгуулдаг олон барилдаан цуцлагдсан. Онцгой дэглэмийн энэ үед спортын уралдаан тэмцээнд оролцох тамирчдын тоо, зохион байгуулагдах хэв маяг өөрчлөгдөж буйтай холбогдуулан үндэсний бөхийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, бөхчүүдийн нийгмийн асуудалд анхаарал хандуулах, бөхийн барилдааныг зохион байгуулах эрх үүргийнхээ дагуу МҮБХ “Грийн шоу продакшн”-тай хамтран “Хийморь” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. 

Тус төслөөр шинэлэг хэлбэрийн, онц сонирхолтой, шагналын сан өндөр, бөх сонирхогчдын таашаалд нийцсэн энэ цагийн идэр залуу улс, аймгийн цолтой шилдэг бөхчүүдийн цуврал барилдааныг зохион байгуулахаар шийдвэрлэлээ" хэмээн мэдээллээ. 

Эхний барилдаанд Монгол Улсын харцага цолтой бөхчүүд оролцох бөгөөд барилдаан 2021 оны 03 дугаар сарын 14-ний ням гарагт Монгол бөхийн өргөөнд болох аж.