Өмнөд Суданы Бор хотноо Монголын 154 энхийг сахиулагчийг энх тайвны төлөө гарамгай зүтгэл гаргасныг нь үнэлж, НҮБ-ын медалиар шагнажээ. Энэ талаар Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа (UNMISS) “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Шагнал гардсан энхийг сахиулагчдын дөрөв нь эмэгтэй алба хаагч юм байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчин 2002 оноос хойш НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцож байгаа билээ.

Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд өнөөдрийн байдлаар Монгол Улсын Зэвсэгт хүчний 800 гаруй бие бүрэлдэхүүн оролцож, Юнити мужид алба хааж буй. Монголын энхийг сахиулагчид саяхан Бор хотод шилжин томилогдож, мото буудлагын батальонд үүрэг гүйцэтгэж, Өмнөд Суданы хүн амын амар тайван амьдралыг хангах үйлсэд оролцож байгаа ажээ.