Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд пүрэв гарагт (2020.05.06) ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай цахим уулзалт хийх үеэрээ цэрэг, техникийн салбарт хамтран ажиллах асуудлыг хөндөхийн зэрэгцээ шинэ төрлийн коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын цэргийн их, дээд сургуулиудад сурч байгаа монгол сонсогчдыг эх оронд нь авчрах асуудлаар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас дэмжлэг хүссэн байна.

Мөн уулзалтаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа их дээд сургуулиудад суралцаж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид, тэдний гэр бүлийхнийг, мөн ОХУ-д суралцаж байгаа Монгол Улсын бусад байгууллагуудын сонсогчид, энгийн сургуулийн оюутнуудыг Оросын Зэвсэгт хүчний тусгай үүргийн онгоцоор тээвэрлэх асуудлыг судлан үзэхийг хүсчээ.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд монгол сонсогчдыг эх оронд нь авчрах цэргийн тусгай үүргийн онгоц зохион байгуулах хүсэлт тавьсан ба С.Шойгу Монголын талын хүсэлтийг нааштай хүлээн авч, эхний ээлжинд ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяаны цэргийн сургуулиудад суралцдаг монгол оюутнуудыг эх оронд нь хүргэх боломжтой гэсэн хариу өгчээ. 

Ийн сайд Н.Энхболдын тавьсан хүсэлтийн дагуу Сергей Шойгу монгол сонсогчдыг ОХУ-ын цэргийн тусгай үүргийн онгоцоор эх оронд нь хүргэх ажлыг зохион байгуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн байна. 

Тиймээс ОХУ-д сурч буй цэргийн сургуулийн монгол сонсогчид удахгүй эх орондоо ирэх боломжтой боллоо.