Өрөг.мн, Туг.мн сайтууд болон “Гарааны Праймер” ХХК, ХХААХҮЯ-тай хамтран  “Монгол мах” чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааг энэ оны 11 дүгээр сарын 28-нд Corporate зочид буудлын "Convention hall"-д зохион байгуулах гэж байна.

Ирэх долоо хоногийн даваа гарагт анх удаагаа болох “Монгол мах” чуулга уулзалтаар дараах асуудлыг хэлэлцэх юм. Үүнд:

1. Махны салбарын тулгамдсан асуудал, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх, арга замыг хамтдаа тодорхойлох,

2. Дотоодын махны худалдааны тогтолцоог сайжруулахад юуг хэрхэн цаашид анхаарах, 

3. Бэлчээрийн малын махыг брэнд болгох арга зам, түүнд хүрэх стратеги

4. Биржийн худалдаа

5. Махны салбарын олон улсын стандартууд, түүний үр дүн

6. Монгол малын махны экспортын чадавх, худалдааны шинэ аргуудыг танилцуулах, 

7. Махны үйлдвэрт олон улсын стандарт хэрэгжүүлэхэд тэтгэлэг, дэмжлэг авах аргууд 

8. Экспортлогч орнуудын тавигдах шаардлага, махны техникийн үзүүлэлтийн талаар мэдээлэл авах, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ гэж зохион байгуулагчдын зүгээс онцоллоо. 

“Монгол мах” чуулга уулзалт, үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ХХААХҮЯ, МҮХАҮТ, Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, иргэд оролцох юм. 

Чуулга уулзалт нь оролцогчдод мах, махан бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, төрд үгээ хэлэх, салбарын сайн туршлагыг судлах, шинэ түншлэл эхлүүлэх, худалдаа хийх, хэрэглэгчдэд махны талаар мэдлэг, мэдээлэл олгох, салбарын шинэ техник технологийн шийдэл болон төрөөс баримтлах махын салбарын бодлого, хөтөлбөртэй танилцах боломжийг олгоход зорьж буй. 

Мөн оролцогч, сонирхогчид үзэсгэлэн худалдаанаас эрүүл, аюулгүй, найдвартай мах, махан бүтээгдэхүүн худалдан авах нөхцөлийг бүрдүүлж байгаа. 

“Монгол мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд мах, махан бүтээгдэхүүний үзэсгэлэн, амталгаат худалдаанаас гадна Махны шоу үзүүлбэр, мах махан бүтээгдэхүүний орц найрлагатай хоолны хэсэг, Махны хэрэглээ, худалдан авахад зориулсан хэрэглэгчийн мэдлэг олгох цэг энэ үеэр ажиллах юм байна. 

Тэрчлэн махны салбарт ашиглах боломжтой IT болон технологийн шийдлүүд танилцуулах төдийгүй махны чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, санхүүжилтийн боломжийг хуваалцах аж. 

Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үйлчлүүлэгчтэй хэлэлцээр хийх хэсгийг мөн зохион байгуулагчдын зүгээс бэлдсэн байна.