Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн 13 дугаар форум “Ногоон дэлхийн төлөө сэтгүүлчид нэгдэцгээе” сэдвийн дор 12 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНХАУ-ын Бээжин, ӨМӨЗО-ы Хөх хотод  цахим хэлбэрээр зэрэг боллоо.

Тус форумд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба, УИХ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Экологи, байгаль орчны яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба болон хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцов.

               Форумд Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэндчилгээ ирүүлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр форумд оролцож мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн форум нь БНХАУ-д төрийн айлчлал хийгээд удаагүй байгаа энэ цаг үед тохиож байгаагаараа онцлог юм. Хоёр орны төрийн тэргүүн нар айлчлалын үеэр байгаль орчны чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон нь онцгой чухал үйл явдал болсон. Уг тохиролцоог амжилттай хэрэгжүүлэхэд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа маш чухал үүрэг гүйцэтгэнэ” гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Монгол Улсын БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ форумын эхэнд тавьсан үндсэн илтгэлдээ “Өнөөгийн байдлаар Монгол Улсын жилийн дундаж хур тунадасны хэмжээ 7,3 хувиар буурсан, нийт газар нутгийн 76,9 хувь цөлжсөн, нийт бэлчээрийн 57 хувь доройтолд орсон, малын тоо толгой 70 саяд хүрсэн зэрэг нь экологийн тэнцвэрт байдал алдагдахад хүргээд байна. 

Мөн тусгай хамгаалалттай газар нутаг нийт газар нутгийн 21 хувийг эзэлж байна, 2030 он гэхэд энэ хэмжээг 30 хувьд хүргэхийн тулд үндэсний цэцэрлэгт хүрээлэн хэлбэрээр ашиглаж, тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлэх асуудлыг хөндөж байна. 

Түүнчлэн дэлхий дахинд 1 хэмийн дулаарлын асуудал яригдаж байхад, Монгол Улсад сүүлийн 80 жилийн хугацаанд агаарын дундаж хэм 2.25 хэмээр нэмэгдсэн, сүүлийн 40 жилд цэвдэгний 30 хувь нь алдагдаж, хөрсний доройтол маш эрчимтэй явагдаж байна.

Иймд түүнээс улбаатай шар шороон шуургатай хамтран тэмцэх Хятад, Өмнөд Солонгос, Япон улсын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад байна. Бид энэхүү ажлын хэсэгт орж ажиллах талаар дээрх талуудтай ярилцаж байна. Байгаль орчны экологийн тэнцвэрт байдлыг хадгалах тал дээр БНХАУ дэлхийд манлайлан ажиллаж байгаа, иймд бидэнд тус улсаас суралцах зүйл их байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь байгаль орчны экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн нөөц баялгийг зохистой  ашиглах, хамгаалах талаар олон зүйлийг ярьж шийдвэрлэх цаг болсон гэдгийг харуулж байна” гэв.