МУБИС-ийн Математик, байгалийн ухааны  сургуулийн тэнхимийн эрхлэгч Ц.Лувсандорж боловсолын салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар ийнхүү бичиж байна.


Монгол хэлний шалгалтандаа унасан 5000 хүүхдээ хайрла, сайд аа!  Өөрсдийнхөө тэнэглэлд харин харамс.

ЭЕШ рүү явах эхний шалгуур болсон Монгол хэлний шалгалтандаа бүдэрсэн 5000 хүүхдийг өрөвдөж байгаа хүн энэ улсад байна уу? Уйлж яваа тэднийг сонсож байгаа улс энэ улсад байна уу?

Энэ 5000 хүүхдийг ийм байдалд хүргэсэн монгол хэлний 5000 багш,  5000 эцэг эх, 5000 сургууль, 5000 дарга, боловсролын яамныхан, боловсролын сайд, ерөнхий сайд, төрийн тэргүүн, тэдний хайртай төлөөлөл нь болох их хурлын гишүүд, их хурлын дарга тэднийхээ стресс, дистрессийг хэр хуваалцаж байдаг юм бол доо! Тэднийгээ гундаж суухад нь хэр түшиж байдаг юм бол доо!

ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид амьдралдаа хөл тавих шалгалтандаа бэлдэж байх энэ чухам цаг дор тэднээс 12 жилийн туршид тасралтгүй үзсэн гэх эх хэл болох Монгол хэл, хоёр бичгээр шалтгалт авах нь энэ улсын чухам хэнд нь аз жаргалтай, хэнд нь ашигтай байдаг юм бол оо?   Энэ бодлого ер нь хэр цэцэн хэрэг юм бол оо!

Монгол хүүхдүүд монгол хэлээ сураагүй, тэдэнд түүнийг 12 жилийн турш сургаж чаддаггүй гэж үзэж байгаа юм бол төгсөх энэ чухам цагт нь биш явцад нь, бүүр 11 жилийн туршид нь тасралтгүй тэднээс эх хэлний шалгалтыг нь өдөр шөнө гэлтгүй байнга авч байхгүй дээ. Тийм ээ! 

Хүсэл дээр нь хясна гэдэг шиг яг төгсөх гэхэд нь эх хэлээрээ шалгалт авна гэж айлгана, төвлөрлийг нь өөр хэрэггүй зүйл рүү хандуулан сарниулж, үймүүлж саад болгон хорлоно, сүр данзанчилан гэвч түүнийг авсныхаа дараа нь тэднийг унагана, унагасны дараа нь амьдралаар нь хохироож байгаа нь энэ цагийн төрийн бодитой хорон бодлого мөн. Ийм бодлого хүүхдээ гэдэггүй нийгэмд л амь бөхтэй байдаг юм байна даа.   

Яг чухаг эгшинд нь тэднийг эх хэлээр нь ийнхүү унагаж тийнхүү дарамталж, олны өмнө ихэд доромжилж дорд болгож байгаа нь бас л муухай, хүн чанаргүй, хүний үнэргүй үйл юм даа. Тийм ээ!

ЕБС-ийг төгсөх зургаан хүүхдийн бүрийн нэгийг огт утгагүй ийм шалгалтанд унагаж тэднийг амьдралынх нь маш чухаг мөчид нь дистесстэд оруулж зовоож байгаадаа иймд Боловсролын яам, монгол төр ихэд  баяртай байдаг юм байх даа?

ЕБС-ийн төгсөгчийг хүсэл дээр нь  хясахдаа боловсролын сайд, ерөнхий сайд, төрийн тэргүүн, их хурлын дарга нар бас их л баяртай явдаг байх даа!

Монгол хэлний шалгалтандаа унасан 5000 хүүхдээ иймд тэднээс  бусад монгол хүн бүр, иргэн бүр,  үе тэнгийнхэн бүр, ер нь улсаараа, нийтээрээ  гамная, хайрлая. Дэмжье. Түшье.

Амьдралдаа хөл тавих энэ чухаг эгшинд нь тэднийгээ хатуурхан түлхэх биш харин зөөлөнхөн түшье. Зөөлөн байя.