Мелатонин дааврын ачаар хүн төрөлхтөн 10-15 жилээр урт наслах боломжтой гэж эрдэмтэд үзэж байна. Хэдэн жилийн өмнө Тони Райт хэмээх англи эр хамгийн удаан буюу 246 цаг (11 хоног) унтаагүй гэсэн амжилт тогтоож Гиннесийн номонд бүртгэгдсэн. Гэхдээ ийм удаан хугацаанд сэрүүн байсан Т.Райт хожим нь орчин тойрноо илүү тодоор хардаг болжээ. Энэ шинэ онцлог нь түүнд төдийлөн таалагдсангүй. Учир нь нойрыг зохицуулдаг мелатонин дааврын ялгаралтад нь гажилт үүссэн аж. Эрдэмтдийн хэлж буйгаар мелатонины ачаар хүн төрөлхтөн 10-15 жилээр урт наслах боломжтой гэнэ. Яагаад гэвэл...

Нойргүйдэлд баяртай гэж хэлье 

Мелатонин дааврын ялгарлыг тархины эпифиз гэдэг хэсэг хариуцдаг. Эрт дээр үед тархины энэ хэсгийг “гурав дахь нүд” гэж, түүний тусламжтайгаар ирээдүйг харах боломжтой гэж итгэж иржээ. 

Мелатонин дааврын гол зохицуулдаг зүйл бол эрүүл, чанартай, хангалттай хэмжээний нойр юм. Нойргүйдэлтэй хүн цухалдуу болох, ядруу харагдах, хавагнах зэрэг шинж тэмдэг илэрдэг. 

Мелатонин даавар дутагдсанаас үүдэн: 

  • Тайван бус унтах 
  • Нойргүйдэх
  • Цагийн зөрүүнд мэдрэмтгий болдог.

Софи Лорены гоо сайхны нууц – нойр 

Италийн алдарт жүжигчин Софи Лорен өөрийн гоо үзэсгэлэнгийн нууцыг эрүүл нойронд оршдог тухай олон удаа хэлсэн байдаг. Үзэсгэлэнт эмэгтэй 21 цагаас өмнө унтаж өглөө 6 цагт сэрдэг гэнэ. Түүний өгсөн зөвлөгөө шинжлэх ухааны үндэслэлтэй. Мелатонин дааврын ялгаралт 21 цагаас эхлэн нэмэгдэж, шөнийн 2 цагт дээд хэмжээндээ хүрч, өглөө 9 цагт буурдаг аж. Товчхондоо бол та хэр эрт унтана тэр хэмжээгээрээ илүү залуу, сайхан харагдана гэсэн үг. Учир нь мелатонин дааврын ачаар гүн нойрны үед хүний бие махбод эсийн түвшинд шинэчлэгдэж байдаг. 

Мелатонины ачаар: 

  • Бие махбодийн хамгаалалтын тогтолцоо шинэчлэгдэж байдаг;
  • Архаг өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ;
  • Нэгэн зэрэг олон өвчин тусахаас сэргийлнэ.

Хөгшрөлтийн эсрэг 

Хөгшрөх үйл явц 25 наснаас эхэлж, түүнтэй хамт олон өвчин дагалдан гарч ирдэг. Энэ бүхний гол шалтгаан нь 25-аас хойш үүсэж эхэлдэг мелатонины дутагдал. Эрдэмтдийн хэлж буйгаар 25 наснаас эхлэн мелатониныг тогтмол уувал архаг өвчин тусалгүй, залуу насны гал цогоо хадгалан 15-20 насаар урт наслах боломжтой гэнэ. 

Америкчууд сүүлийн үед өдөр бүр унтахаасаа өмнө мелатонин даавар уудаг болсон.

Үүний ачаар: 

  • Хөгшрөх үйл явц удааширна;
  • Дархлаа сайжирна;
  • Цусны даралт тогтворжино.

Зөв цагийн хуваарь чухал 

Мелатонины ялгарлыг нэмэгдүүлэхийн тулд олон тооны шахмал эм уух хэрэггүй. Дараах хэдэн энгийн дүрмийг дагаж хэвшихэд л хангалттай.


1. Ганц тод гэрлийн оронд олон янзын гэрэлтүүлэг ашигла

Өрөөний голд таазнаас гэрэлтэх ганц гэрэлний оронд хэсгийн гэрэлтүүлэгч, бра, торшер гэх мэт олон янзын гэрэлтүүлэгч ашиглах нь зүйтэй. 


2. 22.00 цагаас өмнө унт

Статистикийн тоо баримтаас үзэхэд шөнийн ээлжид ажилладаг хүмүүсийн мелатонин дааврын ялгарал алдагдсанаас цусны даралт ихсэх өвчин тусах эрсдэл 2 дахин нэмэгддэг байна. 


3. Зөв, зохистой хоолло

Мелатонины ялгарлыг нэмэгдүүлдэг хүнс: 

  • Тахиа, шувууны мах 
  • Загасны мах 
  • Овьес, эрдэнэ шиш, будаа, шош
  • Жимс, ногоо 


4. Унтахаасаа өмнө цай, кофе бүү уу

Цай, кофе болон зарим төрлийн эм дааврын ялгарлыг зогсоодог. Иймд та нойргүйдэх өвчинтэй бол уух гэж буй эмнийхээ зааврыг сайтар уншаарай. Хэрэв мелатонины ялгарлыг бууруулдаг гаж нөлөөтэй эм байвал эмчтэйгээ зөвлөлдөн өөр эмээр орлуулахыг зөвлөж байна.