Машиндаа гурван ширхэг нойтон тарвага тээвэрлэн Улаанбаатар руу орохыг завдсаныг илрүүлжээ

Б.Баясгалан
07 сарын 26, 2020

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас мэргэжлийн бусад байгууллатай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт тарваган тахал зөөвөрлөгдөн орохоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх арга хэмжээг эрчимжүүлэн, хяналт шалгалтыг тасралтгүй зохион байгуулж байна.

Гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэргэжлийн байгууллагуудаас тогтмол өгсөөр байтал иргэд нойтон тарвагыг Улаанбаатар хотруу  нэвтрүүлэхийг завдсан үйлдэл зогсохгүй байна.

Тухайлбал, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 06:50 цагийн орчимд Эмээлт дэх хяналтын цэгээр иргэн Х өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд гурван ширхэг нойтон тарвага тээвэрлэн Улаанбаатар хот руу орохыг завдсаныг илрүүлэн Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглох тухай заасан байдаг.

Иймд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх зэргээс татгалзаж, сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн ерөнхий газраас зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.