Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өнгөрсөн пүрэв гарагт өөрийнх нь хүсэлтээр огцруулсан. Улмаар төрийн эрх барьж буй МАН-ын дарга У.Хүрэлсүх дараагийн Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлснийг МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийн олонх нь дэмжээд буй.

Түүнийг Ерөнхий сайдаар томилох эсэхийг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ. Чуулган 15.00 цагаас эхэлнэ.

Хуулийн дагуу Ерөнхий сайд огцроход түүний тэргүүлж буй Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцордог тул шинэ Ерөнхий сайд томилогдонгуутаа танхимаа бүрдүүлж, сайд нараа томилно.


Засгийн газрын бүтцэд доор дурдсан яамд ажиллана:

Ерөнхий чиг үүргийн:

  1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам;
  2. Батлан хамгаалах яам;
  3. Гадаад харилцааны яам;
  4. Сангийн яам;
  5. Хууль зүй, дотоод хэргийн яам;
  6. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;

Чиглэлийн:

  1. Барилга, хот байгуулалтын яам;
  2. Боловсрол, шинжлэх ухааны яам;
  3. Зам, тээврийн хөгжлийн яам;
  4. Соёлын яам;
  5. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам;
  6. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
  7. Эрчим хүчний яам;
  8. Эрүүл мэндийн яам.