Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нэр бүхий шүүгч нарт хариуцлага тооцуулахаар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандлаа.

Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ "Шүүгч Х.Идэр нь УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийг хүү. Д.Хувьтөгөлдөр нь "Эрдэнэт үйлдвэр" ХХК-д ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хүмүүсээс томилогдсон хүн. Төрсөн эцэг гэдэг бол хамаарал бүхий этгээд. Таслан сэргийлэх арга хэмжээ авсны дараа шүүгч солигдсон. н.Болдбаатар гэдэг шүүгч байж байгаад гэнэт Д.Хувьтөгөлдөрийн хүү Х.Идэр гэдэг шүүгч үүнийг хянаад, татгалзсан хариу өгсөн. Үүнийг шалгуулах ёстой гэж үзэж буй учраас АТГ-ын дарга Х.Энхжаргал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн ёс зүйн дарга н.Эрдэнэцогт нарт болон Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандаж байна.

Мөн М.Батсуурь гэдэг шүүгчийн аав Д.Мишиг Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой мөнгө угаасан байж болзошгүй 9-10 компанийн нэг болох "Юнайтед энержи" ХХК-д 2011-2015 онд ажиллаж байсан. Тэгэхээр энэ бүр ноцтой хэрэг. Захиргааны хэргийн шүүх дээр Засгийн газрын шийдвэрүүд удаа дараа унасан. Үүнийг хувийн ашиг сонирхол гэж үзэж болох талтай. М.Батсуурь шүүгчтэй холбоотой илт Худалдаа хөгжлийн банкны талд Захиргааны хэргийн шүүхийн дүгнэлт гарч байна гэсэн өөр баримтууд байгаа. Жишээ нь, Багануур компанитай холбоотой лицензийн асуудал гарч ирж байна.

Тэгэхээр М.Батсуурь ямар ямар хэргүүд шүүв, ашиг сонирхлын ямар зөрчлүүд байв, авлига авсан уу үгүй юу гэдэг мэдээллүүд байна. Эдгээрийг тодруулахын тулд мөн АТГ-д хандаж байна" хэмээлээ.