Сүүлийн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд махны хомсдол үүсэж, үнэ нэмэгдсэн нь иргэдийг бухимдуулж буй.

Энэ талаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Махны үнэ өссөн хэд хэдэн шалтгаан байна гэж Мэргэжлийн хяналт болон бусад байгууллагууд үзэж байна. Одоо ч Засгийн газар уг асуудалд тодруулга аваад явж байна. Нэг шалтгааныг нь цаг агаар муудсан үечлэл, Хоёрдугаарт үхрийн махыг экспортлосон нь үхрийн махны үнэ өсөхөд нөлөөлсөн, нөгөө талаар экпортын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор их хэмжээний мах нөөцөлсөн байж болзошгүй гэж үзэж байна.

Мах нөөцөлж буй компаниуд нь зөвшөөрөл авсан, аваагүй гэж хоёр төрөл байна. Зөвшөөрөл аваагүй компаниуд буюу бидний ярьдгаар ченжүүд их хэмжээний мах авч нөөцөлсөн асуудал үүссэн байна. Махны үнэ нэмэгдсэнтэй холбоотой ийм 4-5 асуудал гарч ирсэн. 

Мэргэжлийн хяналттай холбоотой асуудлыг нь мэргэжлийн хяналт аваад, хууль зөрчсөн үйлдэл байна уу гэдгийг холбогдох хууль хяналтын байгууллагууд авсан. Тодорхой хэмжээний квот тогтоох уу гэдгийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. 

Ажлын хэсэг байгуулагдаад Хүчит шонхор, Эмээлт зах дээрх хөдөлгөөнийг 5-6 ажигласан. Энэ хүрээнд Тагнуулын ерөнхий газраас зарим байгууллагад очиж, хууль бусаар мах нөөцөлсөн эсэхийг тодруулсан гэж би ойлгож байгаа. Уг асуудлаар өнөөдөр Тагнуулын ерөнхий газрын дарга мэдээлэл хийнэ. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ" хэмээлээ.