Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурьт Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар сахилгын хэрэг нээхээр болсон байна. Өмнө нь уг асуудлаар ашиг сонирхлыг зөрчил үүссэн байж болзошгүй гэх үндэслэлээр ЗГХЭГ-аас Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасны хариу гарсныг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ийнхүү мэдээлэв.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдээллээс гол мэдээллийг эшлэн хүргэж байна.


1.  Шүүгч М.Батсуурийн эцэг Мишиг нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд оролцсон Юнайтэд энержи ХК-ийн захирлаар ажиллаж байсан. М.Батсуурь нь Худалдаа хөгжлийн банкны Хууль эрх зүйн газрын захирлаар ажиллаж байсан. Үүнийгээ АТГ-т өгдөг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй болох нь нотлогдсон гэж үзэж байна.


2. Гомдол гаргах шалтгаан нь байсан. Учир нь тухайн үед Эрдэнэт  үйлдвэрийн худалдан авалттай холбоотой асуудлаар Засгийн газар удаа дараа гомдол гаргаж ирсэн юм. Гэтэл төлөөлөл нь оролцохгүйгээр учир битүүлгээр шүүх хурлуудын тов гэнэт өөрчлөгдөөд шүүх хурлыг М.Батсуурь өөрөө даргалаад явж байсан. 


3. Хөрөнгийн худалдан авалтын схемийг судлахад Юнайтед Энержи компани  гарч ирсэн. Энэ бол Мишиг гэж хүн ажиллаж байсан. АТГ-т төрийн албан хаагч өөрийн эцэг эхийн талаар мэдүүлэх үүрэгтэй. Тиймээс энэ талаар гомдол гаргасан. Энэ нь нийтийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм.


4. М.Батсуурь нь уг асуудлын талаар ярихдаа шүүх хяналтын байгууллага руу дайрч байна гэж тайлбарладаг ярилцлага өгдөг. Хуулийн дагуу бол шүүгчид ч гэсэн хуульд захирагдах ёстой. Ашиг сонирхлын зөрчилтэй л байвал урьдчилан мэдүүлээд тухайн шүүх хурлыг шүүхээс зайлсхийх хуультай. Гэтэл М.Батсуурь нь албаар энэ үйлдлийг хийхгүйгээр өөрөө Эрдэнэттэй холбоотой хэргийг зориуд шүүж авсан байгаа юм.


5. Шүүгч нарт хандаж хэлэхэд Монгол бол жижигхэн орон, хаана хэн ажиллаж байсан нь гарч ирдэг. Нууж болохгүй, энэ мэтчилэн хэргүүд ил болж цаашдын ажил карьертээ хар мөр бүү үлдээгээрэй.


6. Асуудлыг дэлгэж байгааг М.Батсуурь Л.Оюун-Эрдэнэ хоёрын маргаан гэж битгий ойлгоорой. Ингэж зарчмын дагуу хандах зайлшгүй нөхцөл үүссэн. Тухайн үед Засгийн газрын итгэмжлэх төлөөлөгч нарт шүүх хурлын зар өгөхгүйгээр өөрөө шүүх хурлыг даргалж мөнгө угаалтын схемд орсон байдаг. Цаашдаа дуулиант бүх хэргүүд бүгд шүүх рүү очно. Засгийн газраас шаардлагатай бүх баримтыг өгсөн.