Монгол орон даяар ломбардуудын тоо нэмэгдсээр байгаа нь өдөр тутмын монголчуудын амьдралын нөхцөл улам дордсоор байгааг гэрчилж байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-ын мэргэжилтэн Л.Амгалан Улаанбаатар хотын компаниудын олныг цочирдуулсан тоо баримтыг дэлгэв. 

Нийслэлд 997 ломбард байдаг гэсэн тооцоо байгаа бөгөөд 2021 онд ШӨХТГ-аас 16 ломбард шалгалт хийснээс хоёр нь л COVID-19 тахлын үед тогтоосон зээлийн хүүгийн хэмжээг 3 хувиас илүүгээр тогтоох ёсгүй гэсэн журмыг мөрдөж байсан нь нотлогдлоо. 

Ломбарданд эд зүйлээ алдаж золиос болсон Б.Тэмүүлэн Монголд ломбард олноор байгаа нь түүнийг гайхшруулж байгаа гэв. Зээлд найдаж, ломбардтай харьцах нь хүмүүст муугаар нөлөөлж, залхуу болгож байна хэмээн тайлбарлав.

Бичлэг үзэх: 

ШӨХТГ-ЫН МЭРГЭЖИЛТЭН Л.АМГАЛАН: 

ШӨХТГ-аас 2021 онд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийсэн. 

Нийслэлийн хэмжээнд 997 барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд байгаа гэсэн тоон мэдээ байна. Хяналт шалгалтад нийт 16 аж ахуй нэгж, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг газар хамрагдсан. 

Тэднээс хоёр нь Цар тахлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, хүүгээ гурван хувьд барьж байсан. Үлдсэн 14 аж ахуй нэгж буюу 87.5 хувь нь хуулийн хэрэгжилт хангаагүй буюу хүү өндөр тотоосон байсан.

ЛОМБАРДНЫ ЭЗЭН Б.БАТТӨМӨР:

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбардны бизнес олон байна, олон тоогоор үйл ажиллагаа явуулж, борооны дараах мөөг шиг их олширч байна гээд байдаг. Зах зээл дээр хэрэгцээ нь байгаа юм. Хүмүүс, иргэдийн дунд хэрэгцээ нь байгаа учраас тэр хэмжээгээр олон болж, тэлж байгаа юм.

Тэлэх хэмжээгээрээ, зах зээлийнхээ журмаар, бизнесийнхээ өрсөлдөөнөөр хүү, хугацааны асуудлаа зохицуулдаг. Санхүүгийн бизнес дэлхийн аль ч улс оронд сайн нэртэй байдаггүй. Мөнгө хүүлэгч, шулаач нар гэдэг муу нэр зүүж явдаг. Зах зээлийн журмаараа зохицуулагдах зүйл. 

ИРГЭН Б.ТЭМҮҮЛЭН: 

Монголд ломбард маш их байдаг. Гадаад улсад явж байхад ломбард гэж огт харж байгаагүй. Ломбард их байх муу л даа. Хүмүүс бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихно. Өөрөө үнэ цэнэтэйгээр олж авсан эд зүйлээ маш хямд, доогуур үнэлүүлээд ломбардад алддаг. Би ч гэсэн өөрөө алдаж явсан. Тиймээс ломбард ер нь байгаад дэмий байх гэж боддог. 

Эх сурвалж: A24 News Agency