Л.Мөнхбаатар: Шүүгчийн цалин хангамжийг төрийн бусад албан хаагчийнхаас өндөр болгосон

Б.Баясгалан
12 сарын 05, 2019

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлэгчийг танилцуулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Тус албан тушаалд Болдын Амарбаясгаланг нэр дэвшүүлэхээр танилцуулж буй юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "УИХ-аас шүүхийн шинэтгэлд нэлээд анхаарч ажиллаж байна. Мөн шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангах зорилгоор шүүхийн төсвийн бие даасан байдал, цалин хангамж, аюулгүй байдал зэрэг асуудлыг төрийн бусад албан хаагчдаас үнэмлэхгүй илүү байдлаар зохицуулж байгаа. Өндөр цалин хангамжтай болгосон.

Шүүхэд итгэх иргэдийн асуудал хамгийн чухал байна. Шүүхийн ерөнхий зөвлөл саяхан энэ чиглэлээр хийсэн судалгаагаа танилцуулсан. Тус судалгаагаар "Иргэдийн шүүхэд итгэх итгэл 60 хувь, итгэхгүй буюу эргэлздэг 20 орчим хувь" гэсэн дүгнэлт гарсан байна. Өөр нэг судалгаагаар "Судалгаанд оролцогчдын 42 хувь нь шүүхэд итгэдэг, 55 хувь нь итгэдэггүй" гэсэн байна. Энэ хоёр харьцангуй өөр дүн боловч иргэдийн шүүхэд итгэх итгэлийн хувь хэмжээг өсгөх шаардлагатай. Итгэлийн хэмжээ 80-аас дээш хувьтай болсноор шударга шүүхийн тухай асуудал яригдана.

Иймд уг асуудалд анхаарч, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн бодлого бүхий ажлуудыг хийх хэрэгтэй. Шударга шүүхийн тогтолцооны бас нэг чухал зүйл нь ёс зүйтэй, зөв шүүгчийг шударгаар томилох систем юм. Шүүгчийн ёсзүй гэдэг нь албан тушаалын хэм хэмжээ мөртлөө нөгөө талаасаа хувь хүний төлөвшил. Энэ үүднээс сонгон шалгаруулалтууд явуулж, Б.Амарбаясгалан багш Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимд нэр дэвших бүх шалгуурыг хангасан. Иймд өнөөдөр танилцуулж байна" хэмээлээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.