Н.Жавхлан
12 сарын 04, 2024
Жүжигчин Линдси Лохан 3 настайгаасаа л “Ford Models”, “Calvin Klein kids”, “Abercrombie kids” зэрэг брендтэй хамтран загвар өмсөгчөөр карьераа эхлүүлж, 12 настайдаа анхны кинондоо дүр бүтээн олонд танигджээ.
Линдси “Эцэг эхээ урхидсан нь” /The Parent Trap/ кинонд ихрүүдийн дүрийг чадварлагаар амилуулсан нь хүмүүсийн анхаарлыг ихээр татсан байна. Сэвхтэй эгдүүтэй төрхөөрөө алдартай сэтгүүлийн нүүрийг чимж, киноны санал ч их ирдэг байжээ.
Тийнхүү 2002 оноос эхлэн “Get a Clue”, “Freaky Friday”, “Confessions of a Teenage Drama Queen” гэх кинонуудад тоглосон бөгөөд 2004 онд гол дүрд нь тоглосон “Mean Girls” киногоороо кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан юм.
Мөн тэрбээр амжилттай жүжиглэхийн сацуу сайн дуучин юм. 2004 оны 12-р сарын 7-нд “Speak” гэх цомог гаргасан нь улсдаа сая гаруй хувь борлогдож, алдарт Billboard 200 жагсаалтад 4-р байранд бичигдэж байжээ. Ийнхүү урлагт өсвөр насаа зориулж, завгүй жилүүдийг өнгөрөөсөн байна.
Гэвч бүх зүйл дардан сайхан байсангүй. Жүжигчин эмэгтэйн амжилт өсөн нэмэгдэхийн хэрээр шөнийн цэнгээний газруудад очих нь ихэссэн байна. Түүгээр ч барахгүй хар тамхи хэтрүүлэн хэрэглэдэг болсон нь шар хэвлэлүүдийн гол бай болоход хүргэв.
Түүний амьдралд аав ээжийнх нь нөлөө асар их байсан гэдэг. Учир нь аав Майкл Лохан болон ээж Дина Лохан нар хар тамхи хэтрүүлэн хэрэглэж, бие биенээ хүчирхийлдэг байсан нь Линдсей болон түүний дүү нарын сэтгэл зүйд хүндээр тусжээ.
Тэд Линдсейг 3 настай байхад нь салсан ч эргэн нийлж 4 хүүхэдтэй болсон байна. Гэвч 2007 онд энэхүү гэрлэлтээ дахин цуцлуулжээ.
Энэ бүхний нөлөөгөөр ч тэрүү тэр нэг мэдэхэд донтогч болж эхэлсэн.
Анх 2006 онд кокэйн хэрэглэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр ял сонсов. Хожмоо энэ тухайгаа “Би тэр үед анх удаа хар тамхи татаж үзсэн. Мөн хамт байх ёсгүй хүмүүстэйгээ буруу зүйл хэрэглэж, нэг мэдэхэд л машинд суучихсан явж байсан. Энэ бүхэн үнэхээр хариуцлагагүй бөгөөд тэнэг алдаа” хэмээн ярьсан байдаг.
Тэрбээр донтолтоо эдгээхийн тулд олон удаа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж чимээгүй амьдарсны эцэст 2020 онд кино урлагтаа эргэн ирсэн. Үүнд үзэгчид ихэд сэтгэл хангалуун байгаа бөгөөд түүнийг эрүүл байгаад нь баярлаж буйгаа олон дэмжигчид нь илэрхийлсээр юм.
Гурван жилийн өмнө жүжигчин бүсгүй бизнесмен залуутай гэр бүл зохиож 2022 онд хүүгээ төрүүлжээ.
Эцэст нь тэр хүүхэд ахуй болон өсвөр насаа бүхэлд нь урлагт зориулж, шаргуу хөдөлмөрлөж яваад буруу замаар алхсан ч хорт зуршлаа ялан дийлж дахин босож чаджээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.