ВАШИНГТОН. /TASS/. “Instagram” нийгмийн сүлжээ энэ долоо хоногоос туршилтын журмаар АНУ-ын зарим хэрэглэгчийн нийтлэлийн “like”-ийн тоог нууцлахаар болжээ. Энэ тухай тус компанийн Ерөнхий захирал Адам Моссери “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

“Instagram”-д “like”-ийн тоог нуух туршилтыг энэ жил бид хэд хэдэн улсад явуулсан. Бид туршилтынхаа хамрах хүрээг өргөтгөж, ирэх долоо хоногт АНУ-д байгаа хэсэг бүлэг хүмүүсийг хамруулна” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна. 

Хэрэглэгчдэд учрах дарамт шахалт хийгээд өрсөлдөх мэдрэмжийг бууруулах, илүү ойр дотныхоо хүмүүстэйгээ нягт холбоотой байх боломжийг олгоход “like”-ийн тоог нууцлахын гол зорилго оршиж байгаа юм” хэмээн Адам Моссери энэхүү шийдвэртэй холбогдуулан мэдэгджээ. 

“Instagram” нийгмийн сүлжээ “like”-ийн тоог нууцлах туршилтыг Австрали, Бразил, Итали, Ирланд, Канад, Шинэ Зеланд, Япон зэрэг улсад хэдийнээ эхлүүлээд байгаа юм. Энэхүү туршилтын үеэр бусад хүнд “like”-ийн тоо харагдахгүй хэдий ч тухайн хэрэглэгч нийтлэлээ хэдэн “like” авсныг харах боломжтой гэнэ.

 

Эх сурвалж: Монцамэ агентлаг