Аюулт цар тахал дэлхийг хамарсан энэ үед хүний амьдралын хэв маягт заналхийлж байгаа бас нэгэн аюулыг хүмүүс тэр анзаарсангүй. Энэ бол роботын хэрэглээ юм. Ялангуяа коронавирусийн тархалтын үед роботын хэрэглээ эрс нэмэгджээ.  Энэ талаар ирээдүй судлаач Мартин Форд "Хүмүүс харилцаандаа хүнлэг зүйлс заавал байх ёстой гэж хүсдэг. Гэхдээ Covid-19 дэгдсэн цагаас хойш энэ өөрчлөгдсөн" гэжээ. 

Covid-19 хэрэглэгчийн хандлагыг өөрчилсөн нь автоматчилалд шинэ боломжуудыг нээж байна. Том жижиг гэлтгүй компаниуд  ажил дээрээ биеэр ирж ажлаа хийдэг ажилчдынхаа тоог цөөлж, ажилчид гэртээ хийж чадахгүй зүйлсийг роботоор гүйцэтгүүлж байна.Америкийн хамгийн том жижиглэн худалдааны компани Walmart шал угаадаг роботыг хэдийн ашиглаж эхэлсэн. Өмнөд Солонгост роботууд хүний халууныг хэмжиж, гар ариутгагч тарааж байна. 

Бие биенээсээ зай барих явдлыг 2021 онд ч гэсэн сахих хэрэгтэй гэдгийг эрүүл мэндийн мэргэжилтнүүд анхааруулж байгаа энэ үед роботууд их эрэлттэй болох нь гарцаагүй.

Түргэн хоолны аварга том компани McDonald's гэхэд робот тогооч, робот үйлчлэгч туршиж эхэлжээ.

Дани улсад хэт ягаан туяагаар ариутгал хийдэг робот үйлдвэрлэдэг UVD Robots компани хэдэн зуун машиныг Хятад, Европт нийлүүлсэн байна. Хүргэлттэй хоолны газрууд, ногооны дэлгүүрүүд мөн адил машинаар түгээлт хийж байна. Тахлын дараа бизнесүүд эргэн нээгдэхдээ энэхүү технологийг түлхүү авч хэрэглэх дадал сууна хэмээн судлаачид дүгнээд буй.

Энэ талаар "Хэрэглэгчид өөрсдийн аюулгүй байдалдаа анхаардаг болсон, ажилчдын эрүүл мэнд ч мөн тэдэнд хамаатай болсон." гэж "Ирээдүйн хэрэглэгч" номын зохиолч Блэйк Морган хэлж байна. "Автоматчилалд орох нь бүгдийг эрүүл байлгахад тустай, хэрэглэгчид ч тийм компаниар дуртай үйлчлүүлдэг болсон" гэжээ.