Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
02 сарын 10, 2026
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар төрийн болон төрийн бус өмчийн нийт 910 сургуульд 821,300 сурагч суралцаж байна. Үүнээс 189 нь төрийн бус өмчийн сургууль бөгөөд 80,525 сурагч, өөрөөр хэлбэл 10 хүүхэд тутмын нэг нь хувийн сургуульд боловсрол эзэмшиж байгаа юм.
Тэгвэл энэ сарын 6-ны өдөр Монголын хувийн хэвшлийн анхдагч сургуулиудын нэг болох Хоббид Монголын Хувийн Сургуулиудын Холбооны Бүх гишүүдийн ээлжит хурал боллоо.
Хурлын хүрээнд боловсролын салбар, тэр дундаа төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагууд салбарын өнөөгийн бодит нөхцөл байдал, бодлогын тулгамдсан асуудлыг төрийн бодлого тодорхойлогчид уулзаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
| Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() |
Хурлын үеэр төрийн бус өмчийн сургуулиудын зүгээс дараах бодлогын болон эрх зүйн асуудлуудыг онцлон хөндөж, холбогдох төрийн байгууллагын төлөөллүүдэд нэгдсэн байр сууриа хүргүүллээ. Үүнд:
1. Төрийн бус өмчийн сургуулиудад суралцаж буй сурагчдын хувьсах зардлыг олгодоггүй байгаа нь боловсролын тэгш хүртээмжийн зарчимд нийцэхгүй байгааг;
2. Хувийн сургуульд суралцаж буй сурагчдын үдийн хоолны зардлыг төрөөс санхүүжүүлэхгүй байгаа нь хүүхдийн хөгжлийг дэмжих бодлоготой зөрчилдөж буйг;
3. Төрийн бус өмчийн сургуульд суралцаж буй хүүхдүүдийг улсаас хэрэгжүүлж буй төрөл бүрийн төсөл, хөтөлбөрөөс хасаж буй зохицуулалтууд нь ялгаварлан гадуурхалт үүсгэж байгааг тус тус дурдлаа.
Хүлэг интернэшнл сургуулийн сургалт эрхэлсэн захирал Б.Идэржавхлан, “Хувийн сургуулийн сурагчдын эцэг эх бүгд улсдаа татвар төлдөг. Харамсалтай нь тэдний хүүхдүүд нийтийн эдлэх ёстой эрхээс хасагдаж, ялгаварлан гадуурхагдаж байна. Цаашилбал, Үндсэн хуулийг зөрчиж буй хэрэг гэхэд ч хилстэхгүй.
Хувийн сургуулиуд хүүхдээ тохитой орчинд суулгаж, шаардлагатай хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангахын тулд ихэнх нь зээл авдаг. Үүнийг дагаад сургалтын чанар ч сайжирч байгаа. Гэтэл төрөөс эдгээр сургуульд олгодог хувьсах зардлыг нь хасчихаар эцэг эхчүүдэд улам л дарамт болж байна” гэсэн юм.
Хэлэлцүүлэгт ирсэн захирлуудын хэлж буйгаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хувийн сургуулиудын 30 орчим нь 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй аж. Харин үлдсэн 70 хувь нь үүнээс бага төлбөртэй байдаг гэнэ.
Тэдний төлөөлөл болох Баянхонгор аймгийн Төгс алгоритм сургуулийн гүйцэтгэх захирал Г.Отгончимэг, “Улс нийтээрээ хувийн сургууль гэхээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өндөр төлбөртэй сургуулиудыг жишээ авч ярьдаг. Харин орон нутгийн сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүдийн хувьд ихэнх нь малчин, хувиараа гарааны бизнес эрхлэгч, төрийн алба хаагчид байдаг. Гэтэл 2023 оны Ерөнхий боловсролын хуулийн шинэчлэлтээр “Үдийн хоол” хөтөлбөрийн санхүүжилтийг олгохоо больсон нь хөдөө орон нутгийн бидэнд хүнд туссан.
Энгийнээр тайлбарлавал, Үдийн хоолны санхүүжилт өдрийн 2500 төгрөг байдаг. Жилд бага ангийн хүүхэд 107 хоног хичээллэдэг гэж үзвэл энэ зардал 425 мянган төгрөг болно. Харамсалтай нь төрөөс хувийн сургуульд олгодог энэ зардлыг хассан учраас энэ ачаа эцэг эхийн нуруун дээр ирсэн гэлээ.
Түүнчлэн Монголын хувийн сургуулиудын холбооны тэргүүн Г.Өнөрсайхан,
Монголын хувийн сургуулиудын холбооны тэргүүн Г.Өнөрсайхан
“Монгол гэрт 10 хүүхэдтэй айл байя гэж бодъё. Гэтэл 9 хүүхдэдээ хоол өгөөд нэгд нь юу ч өгөхгүй хоосон хонуулвал танд ямар санагдах вэ? Хувийн сургуульд сурч буй хүүхдүүд яг ийм нөхцөлд байна.
Саяхан бас “Сүүн дархлаа” хөтөлбөрт ЕБС-ийн сурагчдыг хамрууллаа. Бас л ялгаатай байдлаар шийдвэр гаргасан.
Хүн мөнгөтэйдөө хүүхдээ хувийн сургуульд сургадаггүй. Хүүхдэдээ илүү сайн боловсрол олгохын төлөө өөртөө байгаа хэдэн төгрөгөө шавхаад ч болтугай сургаж байгаа юм. Тиймээс олон нийт энэ талаас нь харж зөвөөр ойлгоосой” гэв.
Цаашид Монголын Хувийн Сургуулиудын Холбоо нь салбарын, тэр дундаа төрийн бус өмчийн сургуулиудад суралцаж буй сурагчдын эрх ашиг, тогтвортой хөгжил, ил тод засаглалыг дэмжих чиглэлээр гишүүн сургуулиудын оролцоонд тулгуурласан, нэгдсэн, бодит үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллахаа илэрхийллээ.
Түүнчлэн хувийн сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын дуу хоолойг нэгтгэх, бодлого боловсруулах үйл явцад идэвхтэй оролцох, төр–хувийн хэвшлийн уялдаа холбоог бодит түвшинд сайжруулах чиглэлээр цаашид хамтран ажиллах ажээ.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр "Үдийн хоол" хөтөлбөрт тэгш хамруулахыг дэмжиж байвал та бүхэн ЭНД дарж гарын үсгээ зурна уу.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.