Буяндэлгэрийн Мөнхчимэг
07 сарын 06, 2025
Зуны улирал бол аялал, хөдөө явах хөдөлгөөн идэвхждэг ч, дагаад зам тээврийн осол, тэр дундаа бага насны хүүхдүүд осолд өртөх эрсдэл эрс нэмэгддэг цаг. Энэ оны эхний хагас жилд гэхэд орон нутгийн замд гарсан ослын улмаас 20 гаруй хүүхэд амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ. Тэгвэл эцэг эхчүүд замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдүүдээ хэрхэн зөв, аюулгүй тээвэрлэх талаар Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч Л.Болортуяа дараах зөвлөгөөг хүргэж байна.
Хүүхдийн аюулгүй байдлын төлөө хамгийн эхний алхам: зөв тээвэрлэлт
Манай монголчуудын дунд автомашинд хүүхдээ өвөр дээрээ суулгах, суудлын бүс зүүдэггүй гээд хайнга үйлдэл түгээмэл байдаг. Бүр хүүхдээ хөхүүлэнгээ жолоо барьж байхтай ч таарч л байлаа. Сууж зорчих зориулалттай арын суудлыг хэвтүүлж, ор болгоод хүүхдээ унтуулдаг тохиолдол ч нийтлэг.
Энэ мэт хэнэггүй зангийн золиосонд нялх балчир хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирдог нь харамсалтай.
Саяхан болсон нэг тохиолдол бий. Аймгийн наадамдаа явж байсан гэр бүл хүүхдүүдээ автомашины арын суудалд хэвтүүлэн зорчсон байсан. Үүрээр явж байхад нь зам дээр адуу зогсож таарчээ. Ингээд замын хажуу руу өнхөрсөн хэрэг. Аюулгүйн суудал байтугай бүсгүй явсан хүүхдүүд ослын үед шидэгдэж газар дээрээ нас барж, аав ээж нь амьд үлдсэн дээ.
Одоо ингээд ярихад ч халагламаар энэ хэрэг нөгөө л нэг "За яавал гэж, ингээд л явчихдаг шүү дээ" гэдэг хэвшмэл буруу хандлагаас үүдэлтэй гарсан. Тэгэхээр хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүсийг зөв хэрэглэж хэвших нь чухал байна.
Судалгаагаар хүүхдийн зориулалтын суудал, хамгаалалтын бүсийг зөв хэрэглэвэл ослын үед амь нас эрсдэх магадлал 80-90%-иар буурдаг гэдэг. Гэтэл одоог хүртэл эцэг эхчүүд аюулгүйн бүс зөв хэрэглэдэггүй. Цагдаа харахаараа л зүүх хандлагатай байна.
Бичлэг үзэх:
Өнөөдрөөс зөв дадлыг эхлүүлбэл хүүхдийн аюулгүй байдлын үндэс
Би өөрөө дөрвөн хүүхэдтэй ээж хүн. Ажиглаад байхад хүүхдүүдээ үйлдлээрээ үлгэрлэх нь чухал юм байна.
Ээж нь, аав нь эсвэл жолооч машиндаа суугаад бүсээ зүүхэд дэргэдэх хүүхэд, зорчигч дагаад л зүүдэг. Хэрвээ тоохгүй орхидог бол тийм л хандлага тухайн хүүхдэд үлдэнэ.
Олон эцэг эх “хүүхэд маань уйлна, айна”, “суумааргүй байх шиг байна” гэх шалтагаар зориулалтын суудалд суулгадаггүй, бүс хэрэглүүлэхгүй байх тохиолдол цөөнгүй байдаг. Би бол иймэрхүү хандлагыг хүүхдээ буруу эрхлүүлж байна л гэж дүгнэнэ.
Ерөөсөө хүүхдээ хайрладаг, хамгаалдаг эцэг эх байя гэвэл аюулгүйн дүрмээ л мөрдөөд хэвшчих. Хэн нэгний сануулга, цагдаагийн шалгалтгүйгээр ухамсараараа л хийх үйлдэл юм шүү.
Орон нутгийн замд хурд хэтрүүлэх, дүрэм зөрчиж гүйцэж түрүүлэх нь хүүхдийнхээ амь насанд шууд заналхийлж буй явдал гэдгийг цаг үргэлж санаж яваарай.
1. Зориулалтын суудал хэрэглэ
– Нас, жинд нь тохирсон car seat-д суулгах нь ослын үед амь нас хамгаалах баталгаа болно.
2. Хамгаалалтын бүсийг зүү
– “Багаасаа бүс зүүж сурсан хүүхэд аюулыг багасгана.” Том хүн зүүвэл хүүхэд дагадаг.
3. Хүүхдийг өвөр дээрээ суулгах, тэврэх хориотой
– Гэнэтийн тоормос хийхэд хамгийн эрсдэлтэй байрлал бол өвөр дээрх хүүхэд.
4. Хурд хэтрүүлэхгүй, дүрэм зөрчихгүй
– 80 км/цаг-аас дээш хурдтай үед осолд орвол хамгаалалтгүй хүүхэд шууд шидэгддэг.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.