1952 оноос эхлэн жил бүрийн 6 дугаар сарын 01-ний өдрийг Хүүхдийн өдөр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэж тэмдэглэж ирсэн.  Монгол Улс олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 72 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.

Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй.

Прокурорын байгууллагаас энэ оны эхний 5 сарын байдлаар хүүхэд хохирсон 2051 хэрэгт хяналт тавьж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүүхдийн эрхийг зөрчихгүй байхад анхаарч ажиллаж байна.

Хүүхдүүд ихэвчлэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн улмаас хохирчээ. 


Тухайлбал, хулгайлах гэмт хэргийн улмаас 486,  залилах гэмт хэргийн улмаас 126, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас 400, бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас 461 хүүхэд хохирсон байна. Зам тээврийн осол хэргийн улмаас 2198 хүүхэд гэмтэл, бэртэл авч хохирогчоор  тогтоогджээ.

Прокурор хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 966 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлэн хүүхдэд учирсан хохирлыг барагдуулах арга хэмжээ авсан байна.

Хүүхдийг зам тээврийн осолд өртөх, гэмтэж бэртэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн прокурорын газраас авто замтай ойр байрладаг Ерөнхий боловсролын сургуулиудад хүүхдийн эрхийг хангах, хамгаалах сургалт зохион байгуулсан байна.