Peak.mn
03 сарын 02, 2026
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймагт ажиллаж, аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн удирдлага, алба хаагчидтай уулзаж, үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонсож, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлд “Шүүх шинжилгээ ба хүний эрх” сэдвийн хүрээнд дүн шинжилгээ хийж, холбогдох санал, зөвлөмжийн хамт Улсын Их Хуралд хүргүүлэхээр ажиллаж байна.
Энэ хүрээнд Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонсож, шүүх шинжилгээний үйлчилгээний бодит нөхцөл байдал, ажлын байрны орчин, алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилттэй газар дээр нь танилцлаа.
Мөн иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй, ээлтэй байдал, ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүй, хуулийн хүрээнд шуурхай үйлчилгээ үзүүлж буй эсэхэд хүний эрхийн үүднээс үнэлгээ хийх зорилгоор холбогдох мэдээллийг цуглуулж, албан хаагчидтай ярилцлага хийлээ.
Тус ажлын хүрээнд Дорнод аймаг дахь Цагдаагийн газар, Прокурорын газар, шүүхийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй бэрхшээл, сайн туршлага, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар санал солилцлоо.

Мөн энэ үеэр Дорнод аймгийн Хөлөнбуйр сум болон Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, үйлчилгээний нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав.
Ийнхүү орон нутгийн шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг хүний эрхийн зарчимд нийцүүлэн үнэлэх, алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн нөхцөлийг сайжруулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр бодит нөхцөл байдалд тулгуурласан дүгнэлт, санал боловсруулахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.