Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвшигчдэд Нийслэлийн Сонгуулийн хороо өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардууллаа.

Энэ үеэр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд "Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчид 09 дүгээр сарын 30-нд үнэмлэхээ аваад сурталчилгаагаа эхлүүлэх ёстой. 09 дүгээр сарын 29-нд Захиргааны хэргийн шүүхийн Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нийслэлийн ИТХ-ын 2020 оны сонгуульд оролцох ХҮН-ын нэр дэвшигчдийг бүртгэсэн тогтоолын үйлчлэлийг түдгэлзүүлсэн. Иймд нийслэлийн Сонгуулийн хороо үнэмлэхийг нь гардуулах боломжгүй болсон. 

ХҮН-ынхан болон нийслэлийн Сонгуулийн хороо өчигдөр нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг дахин явуулаад Захиргааны хэргийн шүүхийн Анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-нд гаргасан 7337 дугаартай захирамжийг хүчингүй болгосон. Улмаар нийслэлийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны 21 дүгээр тогтоол буюу ХҮН-ын нэр дэвшигчдийг нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоолын үйлчлэл эргэн сэргэлээ. Иймд өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулж байна" хэмээлээ.

ХҮН-аас Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нийт 27 хүн нэр дэвшиж буй бөгөөд өнөөдөр үнэмлэхээ гардан авснаар тэдний сонгуулийн сурталчилгаа бусад нам, эвсэл, бие даагч нараас зургаа хоногийн хойно эхэлж байна. Орон нутгийн сонгуулийн санал хураалт энэ сарын 15-нд улс даяар явагдана.

Энэ удаагийн нийслэлийн ИТХ-ын сонгуульд ХҮН-аас гадна МАН, АН, МАХН, Монголын ногоон нам, Дэлхийн Монголчуудын нам, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл, Ж.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ нарын бие даагчид нэр дэвшиж, үнэмлэхээ гардан авсан юм.