Мауритиуст хөлөг онгоц цөмөрсөн учир оршин суугчид нь хүрээлэн буй орчинд тохиолдох гамшгаас сэргийлэх гэж хичээж байна. Учир нь эргийн ойролцоо зогссон Япон улсын ачаа тээврийн "Вакашио" хөлөг онгоцны нөөцлүүрээс өнгөрсөн пүрэв гарагаас хойш газрын тос асгарч байгаа аж. Одоогоор мянган тонн газрын тос асгарсан гэдгийг хөлгийг эзэмшигч Нагашики тээврийн компаниас мэдэгджээ. 

Хөлгийн зогссон газар буюу Мауритийн зэрлэг байгалийн сангаас хөлөг онгоц өөр олон цөмрөлтэй, түүгээр нь газрын тос алдаж байж болзошгүй гэдгийг анхааруулсан байна. Энэтхэгийн далайн арлын бүсийн Хүрээлэн буй орчны сайд Кэви Раманоги "Бид хүрээлэн буй орчны хямралд өртөөд байна" гэжээ. 

Вакашио онгоц нь Мауритиусаас зүүн өмнөд чигт 2 долоо хоногийн өмнө осолдсон байжээ. Эхлээд уг 300 метр бүхий онгоцыг дахин хөвүүлэх оролдлого хийж байсан ч цаг агаарын таагүй нөхцөлийн улмаас ахиц гараагүй гэдгийг Нагашики тээврээс хэлсэн юм. Хөлөг онгоц нийт 3800 тонн газрын тосыг тээвэрлэж байжээ. 

Одоогийн байдлаар арлын удирдлагууд болон туслахыг хүссэн хүмүүс аль хэдийн усанд тархсан газрын тосыг тогтоон барих болон ялган гаргах арга хэмжээ авч байгаа ба хөлөг онгоцны тээвэрлэж явсан үлдсэн газрын тосыг шавхуургаар гаргаж авч байна. Тэдний ажлыг цаг агаарын нөхцөл байдал хүндрүүлж байгаа ч цаашлах тусам цаг агаар улам муудахыг хэлж байгаа гэнэ.

Мауритиусын хувьд газрын тосыг өөрсдийн хэмжээнд тогтоох мэргэжилтэн болон багаж хэрэгслийн бололцоо муу байна. Ерөнхий сайд Правинд Югнаут хүрээлэн буй орчны онцгой байдал зарласан бөгөөд гадаад улс орнуудаас тусламж хүссэн юм. Франц улсын хувьд аль хэдийн тусламжийн гараа сунгасан ба тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өөрийн твиттер хуудаснаа "Хэрэв биологийн олон талт байдал аюулд орсон бол бид маш хурдан арга хэмжээ авах хэрэгтэй" хэмээжээ. Тэдний зүгээс мэргэжилтнүүд болон багаж хэрэгсэл бүхий нисэх онгоц, хөлөг онгоцыг илгээжээ. 

Хүрээлэн буй орчны шинжээчид уг гамшгийн хохирол дагуулах нөлөөнүүдийг анхааруулж байгаа юм. Энэ нь жижиг арлын үндэстнүүдэд тулгарч болох экологийн хамгийн муу хямрал гэжээ. Одоо бол хөлөг онгоц шүрэн арлуудын дунд зогсож байгаа аж. 


Эх сурвалж: OÖNAchrichten