Хотын дарга Д.Сумъяабазар Бүх нийтийн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ажлын хэсэгтэй өнөөдөр ярилцлаа.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн өдрүүдэд иргэдийг түргэн шуурхай мэдээллээр хангах зорилгоор 1800-1200 лавлах төвийн утсыг ажиллуулах, орон зайн дүн шинжилгээ хийх дата төвийн ажил бүрэн хангагджээ. 

Тодруулбал, 1800-1200 лавлах утсанд 24/7 цагаар 60 албан хаагч ажиллана. Тухайн лавлах утсаар нэг өрх-нэг шинжилгээ, хүнсний худалдаа, үйлчилгээ, тээвэрлэлт, шалган нэвтрүүлэх товчоо, сайжруулсан түлш, нийслэлийн онцгой комисстой холбогдох зэрэг мэдээллийг түргэн шуурхай авч болох аж. 

Мөн "Нийслэлийн мэдээ" фэйсбүүк хуудсын чатбот автомат хариулагчаас мэдээлэл авах боломжийг бүрдүүлжээ. 

Орон зайн дүн шинжилгээ хийх дата төв нь тухайн бүс, хороолол, дүүрэгт халдвар илэрсэн тохиолдолд ямар бүтцээр ажиллах дүн шинжилгээ хийж, ЭМЯ-тай холбож хурдан шуурхай ажиллах зорилготой аж. ЭМЯ үүн дээр тулгуурлаж шинжилгээ хийж, төвөвлөгөө гаргаж ажиллах юм байна.

Эдгээр ажлын хүрээнд иргэдэд мэдээллийн сувгуудаар дамжуулж түргэн шуурхай, энгийн ойлгомжтой мэдээлэл хүргэх, иргэдийн мэдээллийг өндөр зэрэглэлд нууцлах тал дээр онцгой анхаарч ажиллахыг Хотын дарга Д.Сумъяабазар үүрэг болголоо. Мөн нийслэлийн онцгой комисс, Улсын комиссын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй гэдгийг онцлов.