Ираны шүүхийн өмнө өөрийгөө шатаасан 29 настай “Цэнхэр охин” хочит Сахар Ходеяари нь энэ сарын 9-нд түлэгдэлтийн улмаас Тегеран дахь эмнэлэгт нас баржээ. 

Эмнести Интернэшнл байгууллагын мэдээлж буйгаар Ходеяари нь AFC буюу Азийн тивийн аврага шалгаруулах цомын тэмцээнд өөрийн хөгжөөн дэмждэг баг болох Ираны Истеглал, Арабын нэгдсэн Эмират улсын Ал Айн багуудын хооронд болсон тоглолтыг үзэийг хүссэн аж. Гэвч тус улсын хууль дүрмээр эрэгтэй хүн л хөлбөмбөгийн тоглолтыг үзэх эрхтэй. Иймээс бүсгүй эрэгтэй хүний хувцас өмсөж цэнгэлдэх хүрээлэн рүү орох гэж байгаад хамгаалалтын албаныхан баригдсан байна.

Ираны эрх баригчид 1979 онд болсон Исламын хувьсгалаас хойш эмэгтэйчүүдийг цэнгэлдэх хүрээлэнд эрэгтэйчүүдийн спортын тоглолтын үеэр орохыг хориглосон юм. Гэсэн хэдий ч энэхүү хоригийг бичгээр үйлдсэн хуулийн заалт байхгүй тул түүнийг Хижабын хуулийг зөрчсөн хэмээн буруутгажээ. 

Гуравдугаар сард хэд хоногоор баривчлагдан, удалгүй батлан даалтаар суллагдсан тэрээр Тегран дахь Хувьсгалт шүүхийн өмнө энэ сарын 2-нд  дуудагдан зургаан сар хоригдох ял сонсчээ. 

Уг шийтгэлийг эсэргүүцэж, бухимдсан бүсгүй шүүхийн өмнө өөр дээрээ шатахуун асган, гал ноцоосон байна. Бүсгүйн биеийн 90 хувь нь түлэгдсэн бөгөөд даваа гарагт нас эцэслэх хүртлээ амьсгалын аппаратаар амьсгалж байжээ.

Ираны шинэчлэлийг дэмждэг сонины сэтгүүлч, эгч Шахрвандтай нь ярилцах үеэр түүнийг сэтгэл санааны гүн хямралд орсон байсныг Ассошиэтед прессд дамжуулжээ. Мөн охины аав болох Хайдар Али Ходеяари нь “мэдрэлийн эмгэг”-ийн улмаас амиа егүүтгэсэн, өөр ямар ч шалгаанаар өөрийгөө золиослоогүй хэмээн мэдэгджээ.