Нью-Йорк хотноо энэ оны 3 дугаар сарын 11-22-ны өдрүүдэд чуулж буй НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулган үргэлжилж байна. 

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо болон Азийн Хөгжлийн банк хамтран “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах: төрийн үйлчилгээг тэгш, чанартай хүргэх, эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэх” сэдэвт арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. 

Тус арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэлсэн үгэндээ “хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх эрхийг хамгаалан чадавхжуулах нь бүх нийтийн тогтвортой хөгжлийн чухал хөдөлгөгч хүчин зүйлд тооцогдож байна. 

Сүүлийн 3 жилийн хугацаанд цар тахал нь улс орнуудын эдийн засаг, нийгэм, соёлын амьдралд томоохон сорилтуудыг бий болгож, улс орон бүр хүчээ дайчилж ажиллаж ирсэн бөгөөд энэхүү хямрал, хүндрэлийг давах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө”  болон Монгол Улсын Их Хурлаас “Шинэ сэргэлтийн бодлого” зэргийг батлан хэрэгжүүлж байгааг мөн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих хүрээнд УИХ-ны Сонгуулийн тухай хуулинд жендэрийн квотыг 2024 онд 30 хувиар, 2028 онд 40 хувиар хэрэглэх мөн жагсаалтаар орох 48 гишүүн нь нэг эрэгтэй, нэг эмэгтэй байхаар хуульчилсан талаар онцоллоо. 

Монгол Улсаас зохион байгуулж буй энэхүү сэдэвт арга хэмжээ нь CSW68-д оролцож буй төрийн өндөр албан тушаалтнууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөлөл, оролцогчдод өөрсдийн санаачлан батлуулсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн “Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай” тогтоолыг таниулан сурталчлахын зэрэгцээ энэхүү асуудалд илүү ихээр анхаарч, хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд, охидын нөхцөл байдлыг сайжруулах арга замуудаа уялдуулах, ололт амжилт, туршлагаасаа бусад улс орнуудтай хуваалцаж, харилцан суралцаж, хамтран ажиллах боломжийг олгоход түлхэц болж байна.