Өнөөдөр Зүүн болон Баруун Герман нэгдсэний 32 жилийн ой болж байна. Энэ өдөр Герман улс даяар бүх нийтээрээ амардаг үндэсний баяр юм.

1990 оны 10 дугаар сарын 3-нд хоёр Герман улс эргэн нэгдсэн нь ХХ зууны сүүлчээр Европын түүхэнд болсон томоохон үйл явдал юм. Энэ өдөр Берлинд социалист БНАГУ-ын төрийн далбааг буулгаснаар тус улс оршин тогтнохоо больсон юм.

Дэлхийн II дайнд ялалт байгуулсан холбоотон улс орнууд нацист Германыг өөр өөрийн нөлөөний бүсэд хуваасан бөгөөд АНУ, Их Британи, Францын нөлөөний бүсэд ХБНГУ, ЗХУ-ын нөлөөний бүсэд БНАГУ-ыг үүсгэн байгуулсан билээ.

Унгар улс хамгийн түрүүнд Австрийн хил дээрх өргөст тороо авч, төд удалгүй 1989 оны 11 дүгээр сарын 9-нд ЗХУ-ын удирдагч М.Горбачёвын шууд оролцоотойгоор 28 жилийн турш хоёр Германыг хувааж байсан Берлиний ханыг нураасан юм.