Цагдан хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай хоригдож байсан 68 настай шүүгч эмэгтэй Л.Бямбаа амиа алдсан хэрэгтэй холбоотой асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мөн өнөөдөр тус хэргийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийсэн юм. /Энд дарж уншина уу/

Мэдээллийн үеэр "Цагдан хорих 461 дүгээр ангид иргэн Б-ийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Үүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар ШШГЕГ-ын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлыг хэсэг байгуулж, дотоод хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтын ажил өчигдөр дууссан. 

Өнөөдөр ШШГЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар шалгалтын дүнг хэлэлцээд тодорхой шийдвэрүүдийг гаргасан. 

Шалгалтаар, тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид тухайлбал давхрын харуул хамгаалалтын ажилтан, дүрс бичлэгийн ажилтан нар ажлын байр дээрээ хариуцлагагүй хандаж, сонор сэрэмжсэн алдсан. Мөн ерөнхий эргүүлээр ажиллаж байсан ээлжийн дарга үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, удирдлагаар бүрэн дүүрэн хангаж чадаагүй, хяналтаа сулруулсан гэх зүйлүүд тогтоогдсон.

Цагдан хорих 461 дүгээр анги бол маш том анги. Улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэгт цагдан хоригдож байгаа эрэгтэй, эмэгтэй бүх хүн, мөн хорих ялаар шийтгэгдсэн хүмүүс тэндээс хуваарилагддаг учир ачаалал ихтэй байдаг. 24 цагийн турш хөл хөдөлгөөн ихтэй. Тиймээс анхаарал, сонор сэрэмж нэлээд өндөр хэмжээнд байхыг шаарддаг объеокт. 

ШШГЕГ-ын даргын зөвлөл шалгалтын дүнг хэлэлцээд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан хүмүүст хариуцлага тооцсон. Тухайлбал 461 дүгээр ангийн даргыг, тус ангийн харуул хамгаалалт эрхэлсэн дэд даргыг, жижүүр, ээлжийн дарга, харуул хамгаалалтыг холбогдох ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан.

Энэ хэрэг шалгагдаж учир би эрүүгийн хэргийн талаас нь өөр мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн мэдэгдлээ.

Мөн "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 461 дүгээр ангийн даргыг согтуу байсан гэсэн зүйл яригдсан. Ангийн дарга ар гэрийнхэнтэй уулзаагүй  бөгөөд хэргийн газрын үзлэг хийхэд цагдаагийн байгууллагын ажилтан, прокуроруудтай хамт байсан. Хэрэв согтуу байсан бол албаны хүмүүс хэлэх байсан байх" гэв. 

Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.