Японы Хонда компани АНУ-ын Женерал Моторс (GM) компанитай хамтран цахилгаан хөдөлгүүртэй автомашин (EV) бүтээж дэлхийн зах зээлд нийлүүлэхээр болжээ.

Тодруулбал Хонда компанийн шинээр бүтээгдэх цахилгаан автомашинд Женерал Моторс компанийн үйлдвэрлэж буй баттерейг суурилуулах юм байна. 

Хойд Америкийн зах зээлд 2027 оноос эхлэн гарч, цаашдаа дэлхийн зах зээлд борлуулахаар төлөвлөсөн байна.

Хондагийн ерөнхийлөгч Тошихиро Мибе "Бид техникийн салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Женерал Моторс компанитай хамтран дэлхий даяар цахилгаан автомашины борлуулалтыг эрс нэмэгдүүлэх болно" гэжээ. 

Дашрамд дурдахад Японы хоёр дахь том автомашин үйлдвэрлэгч Хонда компани нь өнгөрсөн сард Сонитэй цахилгаан автомашины салбарт түншлэхээр тохиролцоонд хүрээд байсан юм.

Эдгээр компанийн төлөвлөснөөр энэ онд багтаан цахилгаан хөдөлгүүрт автомашин бүтээж, борлуулах шинэ компаниа байгуулах бол 2025 оноос анхны загваруудаа худалдаанд гаргах гэнэ.

Хонда компани автомашины хөгжүүлэлт, үйлдвэрлэл, борлуулалтын дараах үйлчилгээг хариуцах бол Sony нь мэдрэгч, харилцаа холбоо, энтертэйнмент технологийг хариуцах юм.